Saturday, August 25, 2012

Гудамжны сандал дээр ганцаар уйлан суухад хажуугаар өнгөрөх хүмүүс янз бүрийн л нүдээр харах юм. Үнэндээ би зүгээр л уйлсан. За байз яг юу ч гэх юм бэ дээ. Аан тийм,  хотын завгүй байдал, ажил, хичээл, хүүхэд гээд намайг тойрон хүрээлж буй надаас хамааралтай юм бүхнээс хэсэг холдохын тулд уйлсан. Уйлж байхдаа юм бодоод л их тайвуу уужуу сайхан уйлсан. Хэн нэгэн ирээд худлаа царайлаад мөр тэврээд суугаасай гэж үнэндээ хүссэнгүй. Угаас би хэн бүгдээс холдохыг л хүссэн юм чинь. Үнэндээ юм болгоны тухай гүн гүнзгий бодох тусам үхлийн тухай бодол ойртож, тэр тийм ч муу биш гэх бодол толгойд сэм сэм төрөх болов. Уйлж байгаад үхчих юмсан. За байз уг нь ч урилгаа тараачихсан л даа. Хөдөө очоод чононд бариулаад... за үгүй бүр ч биш, зүгээр л тариа тариулаад...
Тэгээд яг тэдэн сарын тэдэнд тэр цагт үхнэ гээд төлөвлөчихсөнөө, өнөөдөр арай амжихгүй юм байна аа, нэг кино үзчихээд, эсвэл тэрэнтэй уулзчихаад, охиноо том болохоор гэсээр нөгөө монголын маргааш олон гэдэг болж байна.
Болд-Эрдэнийн шүлэгт гардаг даа "... Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно" гээд л ...Үүн шиг эмэгтэй хүн эх хүн гэдэг эр хүн шиг зоримогхон шийдээд үхнэ гэдэг үнэндээ үлдэж байгаадаа ч, өөртөө ч хэцүү юм шиг. Эхийнхээ хажууд байх үнэндээ өлгийндөө байгаа мэт тухтай, найдвартай, жаргалтай байдаг шүү дээ.
 Уг нь би 30 хүрээд үхнэ гээд солиорч өгдөг байв. Дараахан нь би Болд-Эрдэнийн 30 хүрээд үхнэ, Есенин 30 хүрээд үхсэн гэдгийг хаанаас ч билээ уншсан юм. Магадгүй Өлзийтөгсийн гаргасан Болд-Эрдэнийн сүүлийн номноос ч байж мэдэх юм. Тэрнийг уншсан цагаас би яагаад ч юм хүнд тэгж хэлэхээсээ зовдог болж нээрээ тэгээд үхчихээр юу болох талаар ганцаараа л бодох болсон.  Хэрвээ та 30 хүрээд үхэх байсан бол юу хийх байсан бэ? Нөгөө Bucket List кинон дээр гардаг шиг жагсаалтаа гаргадаг ч юм уу???
Чи аядуухан
Чимээгүй ирэх хүслийн эзэн
Чи даруухан
Чин зүрхний зүүдний амраг

Би намуухан
Бодлоос чинь зугтсан цэнхэр шувуу
Би дөлгөөхөн
Бичгээс чинь холдуулах үймээний давалгаа

Tuesday, August 21, 2012

Шумуул



Шумуул. Орой үдэш, борооны дараа, голын эргээр энэ айхтар жижигхэн амьтан хүн биднийг янаглан хорлож энэ тэндээс цус сороод загатнуулаад зовоодгийг хэн бүр мэднэ. Олигтой удаан наслахгүй ч турж үхэхгүйн тулд хүний цус сордог энэ амьтаны талаар би төдийлөн сайн мэдэхгүй. Гэтэл яг шумуул шиг нөхөд олон. Хүнийг янаглан хорлож, болох болохгүй хов ярьж энэ тэрүүгээр дүнгэнээд салдаггүй. Тэгээд яриад яваа зүйл нь чихэнд хүрчихвэл шумууланд хазуулчихсан юм шиг нэг их загатнаж шалихгүй ч тэнд хазуулчихсан гэдэг нь хэсэгтээ санагдаад болохгүй, бас үе үе маажчихмаар санагдана.  Тэднийг би явуулын “Соронз сэтгүүл” гээд нэрлэчихье. Хүнд хүрч үйлчилдэг тэр даруйдаа Фийд байк аваад бас ч болоогүй тухайн хүний тархи толгойг ховоор дүүргэхийн зэрэгцээ ухуулах сурталчилгаа, бренд, за  тэгээд авгай хүүхэд хормой хоттой бүгдийг нь ярина. Тэгчихээд хачин их кайф авна. Өөрөө тэгэхдээ яг ямар хүн гэдгээ тэр хэзээ ч бодоогүй байж магадгүй юм. Бусдын амьдралаар тэр яг яах гээд байгаа юм бэ? Өөрөө адилхан мөнгө олоод, адилхан биеэ үнэлээд явж чадаагүй байж хүнийг шившиг болгож ярина. Азаар тэр олны танил биш болохоор тэрнийг муулж явах хүн байдаггүй байх. Ер нь биеэ үнэлээ л биз дээ, баяжаад брендийн хувцас өмсөөд, үнэтэй машин унатлаа биеэ үнэлчихэж л байна ш дээ. Бие үнэлэхийг чинь шударга шулуун гэгддэг дэлхийн нилээд олон оронд хүлээн зөвшөөрөөд хөдөлмөр гэдэг юм чинь.
Аа бас тийм, түүнийг нь сонсож кайф авдаг нь бүр гоё шүү Чи! гээд хэлчихье. Та хоёр хов яриад, хүн муулаад өөрсдөө байрнаасаа хөдлөхгүй хол явнаа гээд хэлчих үү!
Завтай хөдөлмөрлөдөггүй хүмүүс л ховыг хол тараана даа. Олны танил хүмүүсийн хов ч яахав хаана ч л байдаг зүйл. Миний хаана хэнтэй явсан, хэнийг Фейсбүүк дээрээ нэмсэн, хэний зурган дээр юу бичсэнийг минь яриад явдаг, бүр нөхөрт маань хэлчих гээд байдаг хүмүүс бас байх. Зарим нэг сайн танилууд нь би тэгэхэд нь бараг хажууд нь байсан наадах чинь ингэсэн тэгсэн гээд миний амьдралдаа ч бодож байгаагүй тэр зүйлийг ажлаар нэг тараасан ч бий. Тэр хүнд ингээд хэлчихье! Чи Үнэхээр ТАС  шүү! Тийм ээ ТАС шүү ДАЖ шүү гээд хэлчихье. Бас IQ гээ нэг шалгуулчихвал яаж байна.
Хамгийн гол нь ТАС хүмүүс өөр төрлийн индиго эд нартай дүйх ховын төрлөөр толгойгоо дүүргэдэг хачин ой тогтоолт сайтайчууд нь шүү тийм ээ!!!
Явуулын Соронзууд Мандтугай гэчихвэл нэг их буруудахгүй шүү!!!
Хүндэтгэсэн,
Шумууланд хазуулагч
(Одоо ч тэгээд хүйтэрч байна шумуул арай багасаад үхэх байхаа хаха)

Хүлээлтийг хүлээх тэвчээр


Яг таван минут, 10 минут тэгсээр 3 цаг. Энд л тэвчээрийн хязгаар төгсөж, хэрүүлийн эхлэл тавигддаг. Хүн хүлээлгэх, хүлээж байгаа хүнд ямар байдаг талаар нэг боддог болов уу. Энд нэг л тэнэг зүйл бий. Худлааг нь мэдсээр байж 5, 10 минутанд итгэх итгэл. Хүний итгэл гэдэг хөөрхий дуусдаггүй байхаа даа. Бид ер нь олон зүйлийг хүлээдэг. Өдөр бүр, тэр бүрт ямар нэг зорилго, цааш явах зүйл байгаа л болоод хүлээдэг байх.
Тэгэхдээ хүлээнэ гэдэг нерв зулгаагч, хүнийг стерссд оруулдаг хөгийн эд. Хүлээхгүй гэх тусам хүлээх хачин сэтгэл, хачин итгэл  дахиад л хөгийн эд. Эгээр хог новшнуудыг амьдралаас гаргаад хаячихвал бас сайн муугаа мэдэхгүй болчих ч юм шиг. Цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхгүй ч юм шиг. Зовж шаналж тарчлана гэдэг үнэндээ жаргалыг амтлах нэг хэлбэр ч юм шиг. Жаргал зовлонгийн контрастийг нь гаргаж байгаа ч юм шиг.
 Бид хэн нэгнийг ямар нэг тохиолыг хүлээдэг мөрөөддөг, үнэндээ тэр нь биелэхэд сэтгэл хөдлөхгүй тохиолдол олон. Яагаад гэвэл дэндүү сайхнаар төсөөлөөд, удаан хүлээх тусам хүлээлт нь учралыг амттай болгодог. Гэтэл үнэндээ Годотыг хүлээнэ үү, нөхрөө хүлээнэ үү бүгд л адилхан хоосон. Тийм зүйл байсан ч байгаагүй ч ялгаагүй(арай жаахан тайвшраад харвал). Гэтэл би 5, 10 минутын хүлээсэн, цөхөрсөн итгэлдээ харамсан тайвшрах завдал гаргалгүй уурлаж, орилж хашхираад эхэлчихдэг. Тэр нь даамжраад охиндоо ч муухай зан гаргачихсан сууж байдаг, өөрийн мэдэлгүй. Тэгэхээр ер нь яг тэр уурлах мөчийг өөрөө гэнэт сэрж мэдэрвэл амьдралын маань хэрүүл багасах ч юм шиг. Гүй ээ тэгээд тэр дор нь мэдрэхээс гадна мартаж орхих хэрэгтэй. Мартсан дүр үзүүлэх биш, чин сэтгэлээсээ мартах нь чухал шүү дээ. Энийг намайг ойлгоогүй явахад багийн минь найз хэлж өгсөн юм. Тэр өдрийн уулзалтаас энэ л үгийг санаж байна.
Хүмүүс хоорондын харилцаа ойртох тусам томруулдаг шилээр хүний нүүрний батга их харагддаг шиг асуудал үй олноороо гарч ирэн хэрүүл дээд цэгтээ хүрдэг. Хол байх гээд чадахгүй бүр л ойртсоор байдаг. Анх үерхэж байхад бид хааяа л нэг уулзана, тэр үедээ хамаг байдаг гоёороо л байна. Харин цугтаа амьдраад бүх сайн муугаа томруулдаг шилээр харуулаад байхаар зөрчил гэдэг батга л гэсэн үг хаха.  Манай гэр бүл гаднаас нь харвал жигтэйхэн сайхан асуудалгүй, жаргалтай гэр бүл. Хүн бүр мэднэ дээ бараг. 

Цагт (Дуусаагүй мөрүүд)


Гуниг болон чамайг авч нисэхийн цагт
Нүдэн дээр чинь үнсэж сэтгэлд чинь уй нэмэхүйн цагт
Нэг гараар минь дамжин хөндүүр тийш өндийх цагт
Санаа алдалтыг чинь нүцгэлж мэдрэхүй тийш хандах цагт
Үүлсийн тэртээх өдрүүд дурсамж болж нүдэнд үзэгдэхийн цагт
Завдах эс завдах тэмүүллийн ил гарч хашхирхийн цагт
Бичиг найраг бодох сэтгэлийг эргүүлэн умартуулахын цагт
Зүүдээр биднийг холбон уулзуулах цаг хугацаанд баярлахын учир

Зуны хэлхээ


Зуны халуунд хүйтэн байшинд дааран хэвтэх
Зүрхний халуун унтарч зүүдний ертөнцөд амьдрах
Зүйлийн ертөнцөөс намайг авах элчийг хүлээх
Зүйрмэглэн жаргаж дур тавих үнэндээ ижил юм гээч.

XXX

Нэг тийм царай муутай, сэтгэл татсан хөндий царай
Хувирах сэтгэлийн наана цаана үзэгдэх төдий
Нэг тийм тааламжтай үнсэлт, эв хавгүй тэврэх гар
Бодогдох сэтгэлийн мухарт тэмтрэгдэх төдий
Мартах, үл мартах ч
Чамайг, намайг ч
Татах
Нэг тийм зүүд 

XXX

Цаг хугацаа гэдэг харьцангуй ертөнцөд
Цаашлах ч, наашлах ч дурлал ер үгүй
Цайрах борооны бүрэнхий
Лааны гэрэлт тойрогт
Бодол сарних, төрөх нь үгүй

XXX 

Шаагих бороо цонх нүдэн орохыг гуйвч
Ширтэх цонхоо би үл нээнэ
Цонхоо нээн түүнийг урих гэтэл
Тэнгэрт байсан үүлс үл мэдэх газар одно...

...Тэр явчихаж (санаа алдалт)
Мэндлэх үгээ бодон бодлогоширох зуур
Мандийн зөрөө үгүй
Тэр одчихсон

Түүнийг дурсах манан уулнаа үлдсэн ч
Царай нь санаанд үл үзэгдэнэ
Дэмий л зүрхээ тэмчинэ
Тэр үгүй 
(Гунигтай)

Thursday, August 02, 2012

Шөнө бүр үүд харуулдахын зовлон
Шинэ бүр чамайг бодох мөчүүд

Амьдрал гэдэг үнэндээ хаалга харуулдах, хэрэлдэх, хэн нэгнийг ойлгохын төлөө байх биш юм шиг. Хүнийг уучилж, ойлгож нигүүлсэх гэдэг бол үнэндээ гэгээрэхийн шинж болохоор над мэт уцаартай гэрийн авгайн чадах ажил биш ч юм шиг. Үнэндээ материаллаг сэтгэлгээгээ гээгээд чин үнэн сэтгэл, идиалист амьдрахыг хүсэх боломж бий болов уу? Ядаж хоол ундны мөнгөнөөс эхлээд бас материаллаг юм бас гарч ирэхээр тэгээд болохгүй.
Ер нь тэгээд өөрийнхөө юунд зорьж байгаагаа бодоод бодоод олохгүй юм. Бас юу хүсдэгээ ч мэдэхгүй би ямар надад зорилго хүсэл мөрөөдөл байхгүй хоосорчихсон хөндий биет болчихсон юм шиг санагдах юм.
Материаллаг зүйлд сэтгэл нь ханадаг хүмүүст атаархах ч шиг. Учир нь Мөнгөтэй болох зорилго тавьчихаад түүнийхээ хойноос баяжихын төлөө явж байгаа хүмүүс хичнээн сайхан. Над шиг юунд зорихоо мэдэхгүй, юу хүсэхээ мэдэхгүй хүнийг бодвол тэр хүний амьдрал үнэхээр утга учиртай сайхан юм.
Ер нь амьдралын зорилгоо тодорхойлно оо. Ба юу хүсээд байгаагаа бодох хэрэгтэй юм байна.

Эцэст нь хамгийн дургүй байсан хэрнээ одоо бодоод байхад бас хөөрхөн ч юм шиг нэг үгээр төгсгөчихье.

ХҮН ГЭДЭГ СЭТГЭЛИЙН АМЬТАН

Saturday, July 21, 2012

Намуун үдэш гадаа налайж, би бодолд автан хэсэг амс хийх зуурын тэмдэглэл


Болзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр. Гэхдээ эмээ маань нүгэл хурааж болохгүй гэсэн болохоор би зун бүр энэ хавийн тэнэмэл нохдын хуцахыг өдөр шөнөгүй сонсдог юм. Одоо ч бараг дасал болоод чих минь сонсохоо ч больж байна.
Уг би охиноо унтуулчихаад сайхан дуу сонсоод догдлохыг, зарим нэг зүйлийг эргэн санахыг хүссэн юмсан. Дурсамж бүрээ санах төдийд миний зүрх яг тухайн үеийн шигээ цохилдог. Сайхан зүүд зүүдлээд сэрэхэд ч тэр өдөр гийгээд л явчихдаг. Ганцхан үгэнд гомдоод хэдэн өдөр шаналан явах, юу ч болоогүй байхад гэнэт өөрөө нэг юм зохиож бодчихоод тэрэндээ шаналан суух явуургүй нэгэн бичигчийн сэтгэл хөдлөл. 
Найман жилийн өмнө эмээтэйгээ хоюулхнаа зусланд гардаг байхад яг ийм л үдэд Аюурзаны “Дурлалгүй ертөнцийн блюз”-ыг олон ч удаа уншсан даа. Унших тусам дурлах, дурлах дурлахдаа сэтгэлээ өвтгөн дурлах, бүр өөр хүний номыг сөхөх сонирхолгүй болтлоо дурлаж билээ. Арван таван настай гэнэн цагаахан дурлал тээсэн зүрхтэй надад тэр ном тэр чигтээ зүрхэнд минь хүрээд дотор нь ороод шингэчихсэн. Хааяа би номны хэсгээс энэ тэндээс нь санахад яг л миний дурсамж шиг санагддаг юм.
Сэрүүхэн тэхдээ гэгээтэй, хүмүүс бүгд энэ анирыг хүлээсэн мэт ойр орчмын айлуудын хөдөлгөөн багасаад, гэрийн ажил, хоолоо хийчихсэн надад  тайвшрах, олон зүйлийг тунгааж бодох хэсэг энд л гардаг билээ. Хүүхэд гаргаад анх удаагаа ингээд суух боломж гарч байгаа дээр нь бодож явсан хэдэн мөртөө бичих гэтэл энэ олноороо цугларсан нохдын дуу замхруулчихлаа.
Олон зүйл хиймээр санагдавч яг миний хүссэн зүйл юу вэ? Би юу сонирхдог вэ? Би нэг хүнд хүссэн зүйлээ хийж амьдрана гээд амлачихсан. Хүссэн зүйлээ хайх цөлд ус хайх шиг, эсвэл дуртай зүйлээ хүссэн зүйл болгоод цөлд худаг ухаад ус гаргаж ч болмоор. Ном уншаад л нуурын эрэг дээр цонхоор хараад гав ганцаараа амьдралыг олон ч жил хүссэндээ, даанч хангалттай баяжихгүй юм даа. Ганцаараа гэдэг нь ахуйн ажлаас хол, хэн нэгэнд таатай байлгах биш өөрийгөө л болгоод өөрөө л дуртай цагтаа унтаж, дуртай юмаа идэж, цагт баригдахгүй амьдрах. Энэ цаг үеийг хүртэл тэхдээ бас дуртай юмаа эсвэл хүссэн юмаа хийх гэхлээр хүүхэд, ахуйн ажил, жинхэнэ ажил хажуугаар нь бөөн чирэгдэл болох юмаа. Үндсэндээ завтай юм бодоод суух цаг өдөрт бараг л гарахгүй юм. Өчигдрын тэмцлийн үр дүнд өнөөдөр ингээд суух надад ялсан бус, олсон мэдрэмж төрж байгаа нь даан ч сайхан. 

Friday, July 20, 2012

Хайр



Үйлийн үрт хүсэл минь
Үнэндээ хайр биш
Өмчирхөл.
Г.Лхагвадулам

Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хайртай болох, үр хүүхдээ, ээж ааваа хайрлах хайр, найз нөхдөө хайрлах хайр, эр эмийн явдал гээд хүн бүр өөрөөр ойлгоно. Магадгүй олон жил хамтдаа амьдарсан хос хайрыг адилхан зүйлээр төсөөлж, нэг чигт харж, тэр зүйл нь өөд өөдөөсөө нэг шугаман дээр уулзалддаг болоод л тэр байх. Харин зарим хүнийг Х үсэг шиг огтолцоод төд удалгүй өөр тийш салан одно.
Би хайрыг ингэж боддог байсан
7 настай байхдаа
Ээж, ээж бол миний хамгийн их хайрын эхлэл. Эжий минь намайг хэмжээ хязгааргүй ихээр хайрлаж, миний төлөө бүхнийг хийдэг. Миний эхдээ зориулсан хайр тэр  өндөрлөгийн хормойд буй. Хайр бол дотно нууцаа хэлдэг хүн, аав ээж. Ингэж л би бусдаас сонсож бодож явсан.
14 настай байхдаа
Анхны хайр
Яг л Ромео Жулет шиг төсөөлөл. Удалгүй тэр төсөөлөл арилж, шохоорхож явсан хөвгүүн минь өөр охинтой үерхэж эхлэх төдий нурсан юм.  Магадгүй тэр анхны хайр биш байсан. Тэр нь 19 тэй байхад минь тохиолдсон ахимаг настай сайхан ах. Үнэн сэтгэлээсээ түүнийг хайрлаж хүндэтгэж, дурлаж, сөхөрч явсан. Гэхдээ би хүнд нь биш үзэмжинд нь гэдгийг хожим ойлгосон юм. Ер нь хэн бүхний анхны хайр үзэмжээр л эхэлдэг. Удаан үргэлжлээгүй тэр үерхэл түүний хувьд бол эр эмийн л ажил байсныг би сохорсон нүдээр хараагүй  явсан. Болсон явдалд харамсахыг хүсдэггүй ч харамсалтай санагддаг. Яагаад өөртөө дурласан үеийн хөвгүүн биш, эр бие нь гүйцэж ариун нандин хайрыг үгүй гэж боддог ах вэ гэж? Үүнээс хойш надад хайр гэдэг хоосон зүйл шиг санагдах болж, эр хүнийг хэрхэн хайрлахаа мэдэхгүй л явна.

21 настайдаа би эхийн хайрыг өөрийн биеэр мэдэрч эхэлсэн юм. Хэвлийд минь хүн бүрэлдэх тэр цагаас л зүрх минь өөр зүйлд догдолд айсуй цагийн гийчнийг тэсэн ядан хүлээж түүнд маш ихээр дурлаж байсан юм. Охин минь төрж тэр бяцхан амьтныг бүх зүйлээсээ илүүтэйгээр хайрлаж эхэлсэн. Гэвч яаж хайрлахаа одоо болтол сайн ойлгодоггүй эсвэл эвийг нь олдоггүй ч юм уу бүү мэд. Одоо бодохнээ хайр гэдэг хоосон зүйлийг би юугаар тодорхойлохоо мэдэхгүй эргэлзсээр хариуг нь хайх тусам холдоод ч байх шиг.

Харин яг одоо би хайр гэдэг зүйлийг дотор нь ангилах хэрэг байна уу гүй юу гэж бодох болсон. Ном бид хоёрын хайр, Л.Өлзийтөгсийг хайрлах миний хайр, Г.Аюурзанад өгсөн нигүүлсэнгүй юу ч өгөхөөс буцахгүй хайр, нөхрийгөө хардаж, хэрэлдэж, санаа зовдог хайр гэх зэрэг. Эцэг эхээ хайрлах нь зүйн хэрэг бараг л рефлекс. Хүмүүс хэнд хамгийн их хайртай вэ гэдэг. Хариулт нь ихэнх нь ээж, аав, үр хүүхэд, нөхөр сүүдэр. Миний хувьд би үзэл бодол дотоод хүнээ, өөрийнхөө ертөнцийг илүү гэж боддог.

Гэхдээ ер нь яг юуг хайр гэх вэ? Нэг хэсэг би эр эмийн хоорондох таталцах хүчийг хайр гэж бодож, хайртайгаа илчилж явсан. Гэвч одоо бодоход тэр бүгд зүгээр сэтгэгдэл төдий зүйл бөгөөд чухам нөгөө хайр гэдэг нь ч бас эргэлзээтэй. Эр эмийн явдал ч гэсэн зүгээр л амьтны адгуусан шинж чанарын илрэл, үр удмаа үлдээх физиологийн нэгэн үйл явдал төдий санагдах. Үүнийг хайр гэж эндүүрэх тохиолдол олон бөгөөд хайр гээд бодчихсон хүнтэй ч олон тааралдаж байлаа. Би чухам хэнийг юуг хайрлах, хэнээс хаанаас хайр хайх, яаж хайрлахаа одоо бүр ч мэдэхээ байлаа. Чухамдаа хайр гэдэг хоосон зүйл, нигүүлсэхүй, бүхнийг байгаагаар нь хүлээж авах зүйлийн илрэл ч байж болох. Өглөө болгон цонхоор харахад бие муутай эмгэнээ хөтлөн дагуулж салхинд гарч, сандал дээр суухад нь хөлийг хучиж, гаранд нь иллэг хийж өгч байгаа өвөөгөөс би заримдаа хайрыг хардаг. Магадгүй би эмгэн болсон хойноо л хайрыг ухаарах ч юм билүү. Үхэхдээ л үнэхээр хэнд хэр их хайртай байснаа ойлгох ч юм билүү. Үнэндээ энэ мэдрэмжийг үгээр хэлж тодорхой бичнэ гэдэг боломжгүй юм.

Миний унших дуртай нэгэн шүлэг байдаг. Арлааны Эрдэнэ-Очирынх
Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би
Арга барсан бүсгүй чи...

Үүнийг би маш гайхалтай хайрын шүлэг гэж боддог байсан ч одоо бодохнээ шунал хүсэл л үнэртэх юм. Магадгүй зарим хүмүүс ингэж дурладагт би атаархдаг. Би яагаад ч юм ийм л яруу хайрыг хүсэж байсан. Бас ингээд бодохоор хайрыг үгүйсгэх хэрэггүй л дээ. Эжий минь эмээ минь намайг хайрладаг. Тэд миний төлөө санаа зовж, эд эсээ гээж л суудаг. Гэхдээ би яагаад хайрлаж чаддаггүй юм бэ?
Зүрх, сэтгэл, хайр гурав миний ойлгохгүй ертөнц болоод тэдний илрэл хайрыг би бүр юу гэдгийг нь мэдэхгүй сууна. Магадгүй 20 жилийн дараа энэ талаар асуувал надад тогтсон сайхан бодол бий болсон байх байх. Үгүй ч байж болоод би үхэж мэдэх. Нэг тийм л гунигтай хоосон, магадгүй дүүрэх мэдрэмж. Гэхдээ яг одоо бол үгүй. Би хэнийг юуг, яаж хайрлахаа мэдэхгүй байна. Ийм бодлоосоо болоод ч тэр юм уу хүмүүсийг гомдоочихоод байдаг юм. За байз яаж хайрлаж сурч, хэнийг яаж хайрлах вэ?


Thursday, June 21, 2012

Урилга

Би зүүдэндээ ганцаар алхсаар л... Бидний инээн хөтлөлцөн гүйж явсан тэр гудамжаар алхаж явахад гэнэт урд минь яг л авсны нүх. Бүр төв гудамжинд. Хэсэг гайхан харж зогслоо. Дотор нь ороод зогсож үзэв. Хэвтлээ. Тэнгэрт ямар ч од байсангүй. Бид уг нь дээш харж хэвтээд од тоолж байсан. Өнөө шөнө гялтайх од ч үгүй. Оршуулагдчихаад хэвтэж байхад чи ирэх болов уу? Миний оршуулган дээр Ганс энд Росесийн Арван нэгдүгээр сарын бороог дуулж өгөөрэй. Бараг л гэрээслэл гэх юм уу даа. Ер нь оршуулган дээр нь ирсэн хүний тоогоор ямар хүн байсныг нь мэдэж болох уу? Намайг дээрээс минь тойрч хараад л кинон дээр шороо цацдаг, над руу харин сүү цацаарай. Тэгээд маш гоё том тайз засчихаад захиалсан дууг минь дуулж эцсийн замд минь үдээрэй. Би 18 тай үе шигээ диваажингийн хаалган дээр үсрээд л дуундаа ороод л мансууран эцсийн замдаа сэтгэл амар буцна. 
Би ... Хэзээ үхэх вэ Ингэхэд? Магадгүй маргааш. Намайг шатаахгүй харин хөдөө хээр аваачаад булчихаарай. Тойруулаад Миний хайртай охины өгсөн Гоодаль цэцгийг тарьж, Пайзан чулуун дээр нь " Хангалттай солиорч, өөрийнхөөрөө амьдраагүй Болорын гэгээн дурсгалд" гэж эв муутайхан бичгээр сийлээрэй. Бодож байгаа шиг минь оршуулбал үнэхээр кино доо Кино. Аан тийм пайзан чулуун дээрээ нэмж бичүүлэх юм байна. Фейсбүүк хуудас, Блогийн маань линкийг доод буланд нь жижигхэн сийлчихээрэй. Би үхэлээ мэдэрсэн цагтаа драфтуудаа бүгдийн нээж, релеэйшншип статусаа солиод, "Үхсэн" гэж бичих болно. 
Намайг урин дуудах диваажинд чухамдаа би хүслээрээ байж чадах уу? Магадгүй диваажинд амьдрахгүй тамыг хүсээд байвал бас л эвгүй шүү. Ер нь тэхдээ амьдралд, ялангуяа хамтын амьдралд хүслээрээ байна гэдэг тун ховор. Ямар нэг юманд, хэн нэгний бас минийх шиг хүсэлд тааруулах гэж хүслээ үгүй хийнэ. Тэгсээр нийгэмд нэг л сайхан амьтан болж харагдах гэж явсаар өөрийн хүслээ биелүүлсэн юмгүй, нэг л мэдэхэд оршуулган дээрээ Арван нэгдүгээр сарын бороог сонсоод хэвтэх юм биш бээз. 
Нэг хүний хэлсэн үг бий. " Ямар ч байсан "Хүссэнээрээ" л амьдардаг юм шүү". Гэтэл тэр үгнээс хойш яагаад ч юм юу хүсэж байгаагаа мэдэхгүй, тэгсэн хэрнээ хийж байгаа, тохиолдож байгаа юм бүхэн миний хүссэн юм биш. Харин бүгдийг нь байгаагаар нь хүлээж авах гэдэг миний өчүүхэн зүрхний ачаалал даахгүй их зовлон. 
Ер нь тохиолдож байгаа юм бүхэн тохиолдлынх юм уу? Аль эсвэл бүгд төлөвлөгдчихсөн, чи хүслээрээ, чи зов, чи тэдэн хүүхэдтэй бол, ингэж өсгө гээд зурагдчихсан байдаг уу? Энэ бүгдийг бодож явсаар би яг тэр оршуулгын төв зам дагуух нүхэнд тулчихсан юм. 
Энэ бүгд тохиолдлынх эсвэл хүссэнийх, бүр эсвэл зурагдчихсан. 

Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Таныг оршуулгандаа урьсан
Дуламбаярын Болор

Saturday, June 09, 2012

Цэцэгсийн улирлын өнгө нь ялгуун
Чиний үнэрийн шид нь мансуурам
Хав хар тэнгэрийн доорх олон зүүд
Хайрлаж болохгүй хэдхэн учралууд

Зүүд зүүднээс халихгүй байх...
Чи тэгж хэлсэн бас бодсон
Гэм нь би халиад хольчихсон тэднийг
Бодоогүй бас хүсээгүй
Ширтэх нүднээс чинь бодолс хөврөн буй
... бодлууд нүднээс нүдэнд дамжин буй
Санахгүй байхын хүсэл улам ойртуулж
Бодлын хэлхээний эгнээ бүрт чиний тухай бодол оршин буй
Гунигийн алсад даяанчлан буй тэр шүлэг
Илбүүлж илбүүлж төрсөн ганц мөр шүлэг юм
Сэтгэлийн угаас ухан ухаад ч
Гунигийн алс лугаа шүлэг ахин төрөхгүй яалтай

Чиний үгсийг эргүүлж тойруулж хараад ч
Инээдийн төдий баясал үгүй харагдана
Хүрэхийн алсын мөртүүд тань гуниулж
Хөндүүрлэх зүрхний гүнд үндэслэн буй ганцаардлын цэцгийн нахиалуулна

Магадгүй би чамаас маш гүнзгий гандцаардал халдсан

Сүүлийн өдрүүдийн хэдэн мөрүүд

Залхуу өдрийн наранд цохиулж
Чамд үлдэсэн сэтгэлийнхээ хагасыг дуудахаар хэнгэргээ шүүрлээ


Зүүд уясан сарыг аграмжаад 
Чамтай бүтэн амьдрал зүүдлээд сэрэхээр эндээс явлаа
Ц.Д

Хундага харших чэмээнээс хачин их уй мэдрэгдэнэ
Гартаа барих дарсандаа гашуудлаа хундагалан залгилна
Дахиад нэгийг ... Одоо энийг л...
Мансуурах оргилд аз жаргалыг хоромхон үзэгдүүлэв
Харин одоо бүр их шаналалыг нүднээсээ худгална
Урсаад л ... Уйлаад л... Арчина... Ахиад л...
Гэнэт тэсгэл алдан тачаадахад
Багтаж ядсан тэр их уй
Биеэс минь сад тавин асгарна

Хэдий би...

Гунигаа даллан үдсэн ч
Одоо тэр бүхлээр минь эзэмдэн
Тарчлаана Хүлээсгүй зовлонд
Живнэ

ххх

Нар сарны заагийг ялгахгүй
Нэвт гэрэлтэн явсан цаг хугацаа
Зүүд биш дурлал эрэх зүрхээ зэмлэн
Чамаас би өөрийгөө аван одъё
Өөрөөсөө би чамайг авахыг оролдъё
Бүтэх эс бүтэхийн үнэн үгүй ч
Бүлээн элгээ тэмтрээд яалтай

ххх

Үүлсийн дээр модод үндэслэн буй
Үнэндээ би тэнд огтхон ч очоогүй
Учралын дараа дэлбээлэх цэцгийн үнэр сэтгэлд тодхон буй
Үнэндээ би тэр цэцгийг ч хараагүй

ххх

Цэггүй, төгсгөлгүй өгүүлбэр шиг
Таслал тэмдэгтээр дүүрэн харц
Бодолгүй, шуналгүй өдрүүд шиг
Хүсэл, баланд живсэн зөрлөг

ххх

... алхаж ирээд үнсэх чинь
Зүүднээс өөр мэдрэгдсэн
Зүрхрүү хүрээд ороочихсон
Зөөлөн уруул амтагдана, бодогдоно...

ххх

Чимээгүйд суун санаа алдах чинь
Зүүдэнд минь ирж мэдрэгдсэн
Чи миний тухай бодсон


Saturday, May 26, 2012

Сэвшээ салхины намуухан хаялганд
Аяар ирэх бүтэшгүй бодлууд хөвөрдөн
Зүрхний гүнээ тэмтчин байж жаахан дөл асаачихаад
Үүлсийн тэртээх өдрүүдээс самардан гал ноцоохыг завдав

Цагаахан бодол эргэсэн шөнө
Дүрсгүйтэн гүйж сэтгэл нэгдсэн бид
Баймгүй хүслийн баланд шигдэн
Бичиг найраг сэтгэн ододтой ханьсан дэггүйтэв

Будгийн чинээ тод сэтгэлийн
Нов ногоохон асуултууд
Бүдэг гэрэлд мансууран суух
Тамхины утаа мэт баагилдах хүслүүд
Болохгүй хэр нь хүссэн учрал
Бүдгэрэх дөхсөн мөрөөдөл сэргээв

Сэрүүхэн шөнийн бүлээн тэврэлтээр
Хичнээн яруу үдэш гэдгийг тэмтэрнэм
Залуу насаа хувааж хундгалаад тулгах
Зөөлөн уруулс биесээ шимтэнэ


 2012.05.26 "Нүхт"

Зүүд

Сэтгэлд мэдрэгдэхээр тийм гүн санаа алддаг гэж хэлчихээд
Сэтгэл тийш зөөлөн үнсэн одох чи
Бүлээн шөнийн нойрыг эзгүйчилж
Бүхэл биеэр минь өдөржин туйгачина
Зүүд гэдэг ийм л хойно доо
Ахиад нэг зүүдлэхсэн...

Ахиад зүүдлэхгүй дутуу дуусах нь амттай ч байж мэдэх
Эс үргэлжлэх үгүй нь тодорхойгүй тийм л нэгэн зүүднээс
Өндийж эс чадах үлэмж хүсэлтэн
Би

 2012.05.26 UB

Wednesday, January 25, 2012

Мөнгөлөг саарал хоосон мэдрэмж

Уншихгүй, сонсохгүй, гунихгүй, ганцаардахгүй, шаналахгүй, дурлахгүй, хаягдахгүй, гутрахгүй байхад яаж шүлэг бичих юм бэ? Энэ бүгд байж л шүлэг болдог. Ээж болоод гэртээ суугаад амьдрал нэг хэвийн болохоор тэгдэг юм болов уу гэж бодлоо. Үгүй ээ, Өлзийтөгс бол 3 хүүхэдтэй гэртээ байдаг надтай адил ээж хүн. Тэхдээ тэр хүний явяас шавхагдашгүй булаг. Харин минийх ширгэсэн худаг юм байна гэж бодлоо. Дахиж шүлэг бичихгүй юм шиг санагдаад байх юм. Шүлэг бичих, бодох, шаналах, зовохыг ч хүсэхгүй байна. Хоосон ч юм шиг дүүрэн ч юм шиг амьдраад байна. Ай ингээд бодохоор аль аль нь гунигтай амьдрал. Үгүй ээ зүгээр л амьдрал монотонны болчихож. Өөрчлөх гэхээр охиноосоо холдох гээд, бүх хайр бүх шүлэг бүх зүйлээ охиндоо өгөөд гаргачихаж. Миний уулзаад ярьж үзээгүй хэрнээ чатладаг нэг охин ийм утгатай үг хэлж байсан нь одоо л оройруу орж байна. Охиноо унтуулчихаад өчигдрөөс хойш аманд орсон 2 мөрөө биччих санаа байсан ч бүх юм хоосроод сэтгэл эзгүйрээд толгойноос нөгөө 2 мөр маань гараад гүйчихлээ. Одоо яршиг авах юмныхаа листийг гаргаад сууж байсан нь дээр юм байна. Тэгэхээр гэрийн авгайн ажил ширгэсэн худагт яг тохирч байна. Нээх сайхан студид очиж зураг авахуулах юмсан гэсэн чинь миний харц хөгшин болчихож, бас дээр нь ийм галбиртай хүн зургаа авахуулаад ч яах юм гэж өөрийгөө шоолон бодлоо. Эвий дээ, Өчигдрийн Дуг гу жин дээр гардаг шиг үхчихвэл энэ бүхэн дуусах болов уу гэдэг санаанд ороод үхэх хүсэл ч бас төрөв. Миний зүрх ч гэсэн Дуг гу жин шиг өвддөг юм. Тэгтэл бүлтийсэн сайхан үр минь байхад арай ч дээ гэж өөрийгөө зэмлэв. Тэгээд бодоод байхад би өөртөө таалагдахаа больж, өөрийнхөөрөө солиорох бүр ч өнгөрч. Тэгээд одоо яанам бэ

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...