Болзоонд явмаар, бодолд автмаар
тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын
газар дуудаад үгүй хийчихмээр. Гэхдээ эмээ маань нүгэл хурааж болохгүй гэсэн
болохоор би зун бүр энэ хавийн тэнэмэл нохдын хуцахыг өдөр шөнөгүй сонсдог юм.
Одоо ч бараг дасал болоод чих минь сонсохоо ч больж байна.
Уг би охиноо унтуулчихаад сайхан дуу сонсоод догдлохыг,
зарим нэг зүйлийг эргэн санахыг хүссэн юмсан. Дурсамж бүрээ санах төдийд миний
зүрх яг тухайн үеийн шигээ цохилдог. Сайхан зүүд зүүдлээд сэрэхэд ч тэр өдөр
гийгээд л явчихдаг. Ганцхан үгэнд гомдоод хэдэн өдөр шаналан явах, юу ч
болоогүй байхад гэнэт өөрөө нэг юм зохиож бодчихоод тэрэндээ шаналан суух
явуургүй нэгэн бичигчийн сэтгэл хөдлөл.
Найман жилийн өмнө эмээтэйгээ хоюулхнаа зусланд гардаг
байхад яг ийм л үдэд Аюурзаны “Дурлалгүй ертөнцийн блюз”-ыг олон ч удаа уншсан
даа. Унших тусам дурлах, дурлах дурлахдаа сэтгэлээ өвтгөн дурлах, бүр өөр хүний
номыг сөхөх сонирхолгүй болтлоо дурлаж билээ. Арван таван настай гэнэн цагаахан
дурлал тээсэн зүрхтэй надад тэр ном тэр чигтээ зүрхэнд минь хүрээд дотор нь
ороод шингэчихсэн. Хааяа би номны хэсгээс энэ тэндээс нь санахад яг л миний
дурсамж шиг санагддаг юм.
Сэрүүхэн тэхдээ гэгээтэй, хүмүүс
бүгд энэ анирыг хүлээсэн мэт ойр орчмын айлуудын хөдөлгөөн багасаад, гэрийн
ажил, хоолоо хийчихсэн надад тайвшрах,
олон зүйлийг тунгааж бодох хэсэг энд л гардаг билээ. Хүүхэд
гаргаад анх удаагаа ингээд суух боломж гарч байгаа дээр нь бодож явсан хэдэн
мөртөө бичих гэтэл энэ олноороо цугларсан нохдын дуу замхруулчихлаа.
Олон зүйл хиймээр санагдавч яг миний хүссэн зүйл юу вэ? Би
юу сонирхдог вэ? Би нэг хүнд хүссэн зүйлээ хийж амьдрана гээд амлачихсан.
Хүссэн зүйлээ хайх цөлд ус хайх шиг, эсвэл дуртай зүйлээ хүссэн зүйл болгоод
цөлд худаг ухаад ус гаргаж ч болмоор. Ном уншаад л нуурын эрэг дээр цонхоор
хараад гав ганцаараа амьдралыг олон ч жил хүссэндээ, даанч хангалттай баяжихгүй
юм даа. Ганцаараа гэдэг нь ахуйн ажлаас хол, хэн нэгэнд таатай байлгах биш
өөрийгөө л болгоод өөрөө л дуртай цагтаа унтаж, дуртай юмаа идэж, цагт баригдахгүй
амьдрах. Энэ цаг үеийг хүртэл тэхдээ бас дуртай юмаа эсвэл хүссэн юмаа хийх
гэхлээр хүүхэд, ахуйн ажил, жинхэнэ ажил хажуугаар нь бөөн чирэгдэл болох юмаа.
Үндсэндээ завтай юм бодоод суух цаг өдөрт бараг л гарахгүй юм. Өчигдрын
тэмцлийн үр дүнд өнөөдөр ингээд суух надад ялсан бус, олсон мэдрэмж төрж байгаа
нь даан ч сайхан.
дл
ReplyDelete