Олны дунд орох тусам ганцаардана...Орчлон нилдээ захгүй уудам далай мэт...
Ганцаардал бол барих барьцгүй атал байж болох хамгийн бодит оршихуй...Гуниг бол мэдлэг мэдрэмжийн торгон огтлол юм...Бид дандаа л ямар нэгэн найранд дээр суугаа мэт хөөрлөөр амьдрах юм бол мөнхөд согтуу явна...Бусдад анзаарагдах хэрэггүй, бусдыг анзаар...Үр дүнг битгий хүлээ...Өөрийнхөө дотор юу ч битгий үлдээ, дөнгөж мэндэлсэн хүүхэд мэт бол...зарим хүнд мунхаг хүн мэт санагдсан ч бүү тоо...Сэтгэл зүрхээ далай мэт төсөөллөөр дүүрэг...Эцэст нь өөрийгөө ертөнцийн төв биш гэдгийг гүнээ ухаар... Б. Идо http://idocg.blogspot.com/2012/06/blog-post_21.html
Олон сар догдлон хүлээсэн учралын дараа бүх зүйл хоосон болох тэр мэдрэмж, бүхий л догдлолууд хоосрох. Хаашаа ч харсан хоосон. Бүх зүйл дууссан мэт сэтгэл, цээж минь хоосроос цаашлаад бодол ч хоосон болох тэр үед л би зүрхээ чагнаад хичнээн амьд байгаагаа бусад үеэс илүү мэдэрдэг. Магадгүй яг дур тавиад өөр ч юу ч хүсэхгүй дээшээ хараад хэвтэх мэт. Тийм л амгалан хоосон, хөвөрсөн мэдрэмжүүд. Энэ бүх хоосролоос гарч, өмнөх байдалдаа эргэж орох хүртэлх цаг хугацаа үнэхээр уртын урт санагдавч, хөвөрсөн өдөр хоногуудын дунд би орчноос тасрах мэт, юу ч ойлгохгүй алхаад л. Гэвч энэ бүхний эцэст бодол санаагаа хоослоос дахин цэгцлэн өрөх үед би хичнээн амьд, тайван байгаа мэдрэн халуун шоколад уугаад суух. Яг л номын тавиурын бүх номоо буцааж тавилгүй хооронд нь ээлжлэн сольж уншаад догдолсоор ширээгээр дүүрээд нэг л өдөр бүгдийг нь газар унагааж тараагаад хэрэгтэйг дээш нь авч, эрэмбэлж, төрөлжүүлэн буцааж өрж байгаа мэт.
Хүн бодол сэтгэлийн эрүүл мэнддээ төдийлөн анхаарахгүй, асуудлуудаа цэгцлэхгүй байсаар хэрхэн самуурч болдгийг, цэгцэлсний дараа хэрхэн уужирдгийг өөр дээрээ туршсаар л. Гэр орон, найз нөхдийнхөө дэргэд хоосон мэдрэмжтэйгээр хэвийн мэт амьдралаа үргэлжүүлэхэд цаг хугацаа үнэхээр харьцангүй удааширдаг ч юм шиг. Магадгүй хүн өөрөө өөрийгөө бодол санаагаа цэгцлэн, тунгаан байж эмчлэн тэгшрүүлдэг ч байж мэдэх. Гэхдээ энэ бүгд миний л бодол л доо.
Хэнээс ч юу ч хүлээхгүй, хүлээлтийг тэглэх оролдлогыг өдөр бүр өөртөө сануулж хэрэгжүүлж байх нь чухал юм. Гэлээ гээд би юу хүсэж, юунд аз жаргалтай байдгаа өдий хүртэл олоогүй л явна. Миний дотор байгаа идеалист Болор, гадна байгаа материалист Болор 2-ийн дунд хааяа энэ бүх дасгалыг хийж, өөртөө цаг гаргаж, бодол сэтгэлээ цэгцлэх нь зайлшгүй болоод л байна. Хүмүүс намайг 2 өөрөөр хардгийг сүүлийн үед анзаарах болсон. Цөөн хүн миний дотор байгаа Болорыг мэддэг. Түүнийг мэдээд шаналдаг, тусалдаг. Ихэнх нь гаднаас дүгнэдэг болоод ч тэр юм уу. Юунд ганцаарддагийг минь ойлгохгүй гайхах. Үнэндээ би ч өөрийгөө хааяа үзэн яддаг. Үнэхээр уур хүрмээр учир нь ойлгогдохгүй, юу хүсэж байгаагаа мэддэггүй мөрөөдөлгүй хүн. Өөрийнхөө тухай гүн гүнзгий бодох тусам улам л өөртөө дургүй болох тэр мэрэмж, үргэлж бараан сүүдрийг дагуулдаг. Энэ бүгдийг энд уудлаад бичих нь ч нэг хэлбэрийн сэтгэлээ тэгштгэх, хүлээлтийг тэгштгэх дасгал болж байна. Хүн өөртэйгээ ярих, өөрийнхөө тухай бичих үедээ бодол санаагаа тэр хэмжээгээрээ цэгцэлж чаддаг юм байна.
No comments:
Post a Comment