Monday, March 30, 2009

Trip to Stratford upon-Avon - Shakespeare's birthplace

Өнгөрсөн амралтын өдрүүдээр эгчтэйгээ цуг Stratford upon-Avon гэдэг жижигхэн хотыг үзэхээр очлоо. Урд нь энэ хотын талаар эгчээсээ бага зэрэг сонсож байсан. Манай эгч энд сурч байсан юм. Энэ хот Шекспирээр алдартай. Жижигхэн, цэвэрхэн, найрсаг, ойлгомжтой гоё хот санагдсан. Угаасаа жижиг хотуудад уугуулууд нь амьдардаг бас цөөхүүлээ болоод ч тэр үү их найрсаг.


Birmingham Bullring shopping centre


Best Western Grosvenor hotel - дөнгөж ирчихээд амраад сууж байна


Шекспирийн амьдарч байсан байшин


Төв гудамжны нь урд


Эгчтэйгээ орой хоол Sorento ресторанд идэж дуусчихаад сууж байна. Энэ рестораныг King's Taxi гэдэг 1 хүнтэй таксины жолооч хамгийн гоё хоолтой нь гэж санал болгосон юм.


Avon голын гүүрэн дээр аниатайгаа


Энэ Stratford upon-Avon хотын вокзал. Миний мэдэх хамгийн тайван вокзал.

Tuesday, March 24, 2009

Зүүднээсээ чамайг өчнөөн хайлаа
Зөрж өнгөрөгсөд дундаас хайлаа
Зүүдэнд минь чи ирсэнгүй ээ
Солгой мөрний өвчин сэдэрч
Солигдож ирэх зүүдний тавиланд төөрнө
Зүүдээр чиглэдэг миний ертөнц
Солгой мөрний өвчинд замхарна

Monday, March 16, 2009


Өнөөдөр л би хаврыг үнэртлээ
Өглөөний нар өөдөөс инээгээд л
Зөрж өнгөрөгсдийн алхаа тайвшраад
Зөөлөн дулаахан салхи үс илбээд
Хавар ирснийг сая л үнэртлээ

Sunday, March 15, 2009

Цэнхэр нартай ногоон тэнгэрийн
Улаан үүлс, Улбар модод
Миний ертөнцийн өнгө

Цэхлэж хараад би
Цээжээ ярахад элс асгарна
Хатсан зүрх хагарч унана

Saturday, March 14, 2009


Тэнгэрийн гуниг хаялаад
Тэндхийн чимээ надад үл сонстоно
Дээш тэмүүлэх хүсэл минь гуниг амтлуулаад
Дахин нэг уйтай шөнийг би үднэ
Үнэхээр сайхан хаврын өдрүүдийг
Үүрээ зассан шувуу мэт орондоо өнгөрөөнө
Хаврын өдрүүд гадаа минь ирэхэд
Хараагүй мэт хөшигөө хаагаад хөнжилдөө шургадаг

Чинагш юм бүхэн улирч одно... Яруу найрагч, зураач Ж.Болд-Эрдэнэ (Миний бүх цаг үеийн дуртай шүлэг)

Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Friday, March 13, 2009



Цэнхэр тэнгэр, ногоон тал
Хээрийн эрвээхий
Дэггүй охин
Миний балчир нас

Талын салхи, шаргал өдрүүд
Ханзарсан цас
Шинэ төл
Миний мэдэх хавар

Wednesday, March 11, 2009


Айлчлан ирэх хаврын салхи
Ай яасан түгшүүртэй
Хорин хаврын салхины гуниг
Анзаарсан удаа үгүй

ххх

Яргуйн гуниг хавартаа дуусна
Минийх харин

ххх

Яасан их шөнө хавар зүүдлэв дээ
Зүүдэнд минь харин яргуй байсангүй

Saturday, March 07, 2009


Богино даашинз, будаггүй уруултай гэнэн насны
Бодлогогүй санаархал
Бүтэхгүй учрал, бүлээн нулимстай явсан
Хөндүүртэй сэтгэлийг минь болгоо
Нүцгэн шилбэ, өндөр өсгийн дээрээс
Нүүдлийн шувуу, хавараар жигүүрлэж
Гэмгүй харц, гарчиггүй шүлгээр уярааж
Ганцхан надад олдох чамайг би авсан

Эмээ бид хоёрын урт өдөр

Эмээ бид 2 хөтлөлцөөд л аймгийн төв явдаг байж билээ. Эмээ маань хөл муутай, удаан явна би ч бас жаахан байсан аймар ядарна. Тэр үед аймгийн төврүү 15 км алхана. Ай мөн хол санагддаг байж билээ. Халуун наранд алхаад л байна, алхаад л байна барагдахгүй, тэгсэн хэрнээ бараа нь харагдаад нар ээгээд л эргэн тойрон шаргалтаад л... нэг өдрийг би яагаад ч юм их тод санадаг юм.

Өглөө эрт эмээ маань боодолтой мөнгөө сайн гэгч нь тоолоод л. Надад аймар их мөнгөтэй баян санагдаад л. Очиж байгаад нэг чихэр авахуулчих санаатай. Тэгээд л аймгийн төвийн зүг өглөө эрт хөрш айлын бас нэг эмээтэй алхлаа. Аймгийн төв энүүхэнд л харагдана тэгээд газар хорохгүй юмаа. Тэгж тэгж хоёр эмээгийн яриа чагнасаар аймгийн төвийн урд толгой хавьцаа очлоо.

Хоёр эмээ маань аймгийн төв дээр байгаа хүмүүсийг саравчилж хараад л тэр тэнд явж байна, тэрний хүү тэр энэ мөнө үү гээд л хүмүүсийг юугаар нь ч юм таниад ярилцана. Тэгсэнээ эмээ нэг гудам өөд алхаж байгаа хүмүүсрүү заагаад тэр хүрэн дээлтэй танай аав явж байна гээд надаа зааж өглөө. Тэр үед би аавыгаа хараагүй их удсан байсан юм. Миний аав хаана ч юу ч хийж явсан юм бүү мэд. Би дэмий л "Аан" гэлээ. Учир нь би тэр олон хүн дундаас хэнийг нь харах юм билээ. Бушуухан дэлгүүр зах руу л явах сонирхолтой байж билээ. Хүүхэд болхоороо тийм л юманд сатаарчихна. Амар ч байж дээ элдэв юм бодож өөрийгөө зовоохгүй.

Зах ороод эмээ юмаа аваад л би ч чихрээ авахуулаад. Зөндөө явлаа аймгийн төвөөр. Одоо бодоод байхад тэр үед яаж ч бодсон олон дэлгүүр их бараа байгаагүй л байх аймгийн төвд. Тэгэхдээ эмээгийн авдарнаас өөр юм мэдэдгүй надад их л гоё олон санагдаж байсансан. Тэгээд л нөгөө урт замаараа өөдөөс ээсэн наранд алхаад л... Тэгэхэд хоёр эмээ ядарсан байсан биз хөөрхий юм ярихгүй алхаад л. Би ч бүүр ядраад халууцаад л... цамцаа тайлах гэхээр эмээ тайлуулахгүй. Хаврын салхий хавирга нэвт гээд. Заза тийм юм байлгүй гээл. Хавиргаар салхи нэвтэрдэг талаар бодоод л. Хавирганыхаа гадуур цамц өмсөхгүй бол хавирга нь нэг шүүрэн шанага шиг гэж бодоод л тэгээд тэр нүхээр нь салхи гараад л гээд сонин сонин юм бодоод алхлаа. Тэгж байтал хөл бүүр эцээд аргаа бараад нөгөө хоёр эмээрүү хартал алхаад л байх юмаа. Хөгшин хүн байж ядардаггүй сонин юм гэж бодоод л "Яасан эцдэггүй хоёр чавганц вэ" гэж хэлээд нөгөө хоёр маань бөөн инээдэм болж билээ. Дараа нь эмээ маань "Нээрээ ч хүн эцээд байхад хоёр цавганц нь эцэхгүй" гээд л зөндөө инээгээд л их ярьдаг юм. Тэгээд нэг юм жаргаж байгаа халуун наранд амарч хэсэг суулаа. Бодвол эмээ маань саалиндаа л яарсан байх даа. Ноосон цамцтай явахаар дулаахан байсаныг бодоход нилээн дулаахан бараг л зун болж байсан юм шиг байгаа юм.

Гэртээ хариад эмээ мөнгөө тооллоо. Би эмээгээс сонирхоод:
-Хэд байна
-3000
-та хэдэн төгрөгтэй явсан юм бэ
-10000
-та 7000 мянган төгрөг үрсэн юм уу
гэж хэлэхэд эмээ маань их л инээгээд
-"Чи яаж мэдээв" гээд намайг өхөөрдөөд асуулаа.
-Би өөрөө бодсон юмаа.
Тэгж байтал өвөө орж ирээд ухаа халзан үнээ гээл ярьж байтал эмээ, Болор сая хэдэн төгрөгтэй явсан юм гэхээр нь арван мянга гээд 3000 төгрөг үлдсэн байна гэсэн чинь 7000 төгрөг үрсэн юм уу гээд шууд бодож байна гээд л .... тэр 2 ярьж гарав. Эмээ ч баадантай мөнгөө авдрандаа хийгээд сүү саалинда гарлаа.

Тэр үед би уншиж бичиж жаахан чаддаг байсан юм. Тэгээд нэг улаан харандаа цаасны хэлтэрхий хаанаас ч юм олоод аав гэж бичээд өмднийхөө карманд хийгээд тэрийгээ аав гэж бодоод л... хүүхэд ч гэсэн шаналаж байлаа. Яагаад явчихсан юм болоо гээд л... Аав маань тэр үед салчихсан байсан юм. Тэр үед нүдэнд минь нулимс цийлэгнээд л нэг л юм буруу байгаад мэдрээд л. Тэгтэл өвөө эмээ хоёрын дуу сонсогдоод бушуухан нулимсаа нуугаад арччихав.

Тэр өдөр эмээ маань толгой дээрээс аавыг маань зааж өгдөг ямар ч учиртай байсан юм билээ. Ухаантай хүн бодвол өөрөө ойлгог, тэгэхдээ аав чинь чамтай биш тусдаа байгаа шүү гэж ойлгуулах гэсэн юм байлгүй дээ. Эмээгийн минь надад өгсөн анхны ухаарал байх. Эмээ маань үргэлж л надаа зааж, сургаж байдаг. Юу ч болсон миний талд баттай зогсох миний хамгаалагч байсаар ирсэн. Сүүлд хүртэл богино нуруугаа гаргасан плать өмслөө гээд ээж эмээд ховлоход хүний хүүхэд өмсөөд л байдаг юм билээ гэж өмөөрч байсан юм. Бүхий л үед эмээ маань миний л талд байсан. Зөв ч бай буруу ч бай. Намайг загнадаггүй, харин хамаг юмыг тайлбарлаж ийм хүнийг хүн муу хэлдэг юм, эмэгтэй хүн ингэдэг юм гээд л зөндөө юмыг зааж сургадаг юм. Харин одоо хүний нутагт эмээ минь хэлдэг үг, ухааруулдаг ухаарал тань хэрэгтэй байна. Эмээ минь, охин нь яах ёстой вэ?

Wednesday, March 04, 2009

Ш.Уянга : Холын тэртээх нууцлаг од харвахаас урьтаж


Холын тэртээх нууцлаг од харвахаас урьтаж
Хойтон наадам болтол амьд явах хүсэл байна
Холдон одсон он жилүүдийн цацган хөшиг сөхөж
Хонгор чамтай уулзахаар гэрийн чинь үүдийг тогшмоор байна
Ундран бадамлах галын дэргэд цочмог нүдийг харж
Уул, ус байгальдаа хамтдаа шингэмээр байна
Лимбийн эгшиг шиг тунгалагхан арван долоотой чи минь
Лянхуан дэлбээ шиг уруулаа балаар дүүргэн өгсөн сөн
Амьдын жаргалд ташуурсан гарагийн нэгэн өдөр байна
Алга алганаасаа хөтлөх үртэй хүн шүү чи бидэн
Нартын тэндэх одод харван цахилан байна
Наадам болтол ер хичнээн хоног үлдээ вэ? "

Л.Өлзийтөгс

Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой

Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай

Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай

Намайг од болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайг зүсэлж өгөөрэй

1998 он

Тэмдэглэлийн дэвтэр дээрх дуртай шүлэгээ оруулав

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...