Эмээ бид 2 хөтлөлцөөд л аймгийн төв явдаг байж билээ. Эмээ маань хөл муутай, удаан явна би ч бас жаахан байсан аймар ядарна. Тэр үед аймгийн төврүү 15 км алхана. Ай мөн хол санагддаг байж билээ. Халуун наранд алхаад л байна, алхаад л байна барагдахгүй, тэгсэн хэрнээ бараа нь харагдаад нар ээгээд л эргэн тойрон шаргалтаад л... нэг өдрийг би яагаад ч юм их тод санадаг юм.
Өглөө эрт эмээ маань боодолтой мөнгөө сайн гэгч нь тоолоод л. Надад аймар их мөнгөтэй баян санагдаад л. Очиж байгаад нэг чихэр авахуулчих санаатай. Тэгээд л аймгийн төвийн зүг өглөө эрт хөрш айлын бас нэг эмээтэй алхлаа. Аймгийн төв энүүхэнд л харагдана тэгээд газар хорохгүй юмаа. Тэгж тэгж хоёр эмээгийн яриа чагнасаар аймгийн төвийн урд толгой хавьцаа очлоо.
Хоёр эмээ маань аймгийн төв дээр байгаа хүмүүсийг саравчилж хараад л тэр тэнд явж байна, тэрний хүү тэр энэ мөнө үү гээд л хүмүүсийг юугаар нь ч юм таниад ярилцана. Тэгсэнээ эмээ нэг гудам өөд алхаж байгаа хүмүүсрүү заагаад тэр хүрэн дээлтэй танай аав явж байна гээд надаа зааж өглөө. Тэр үед би аавыгаа хараагүй их удсан байсан юм. Миний аав хаана ч юу ч хийж явсан юм бүү мэд. Би дэмий л "Аан" гэлээ. Учир нь би тэр олон хүн дундаас хэнийг нь харах юм билээ. Бушуухан дэлгүүр зах руу л явах сонирхолтой байж билээ. Хүүхэд болхоороо тийм л юманд сатаарчихна. Амар ч байж дээ элдэв юм бодож өөрийгөө зовоохгүй.
Зах ороод эмээ юмаа аваад л би ч чихрээ авахуулаад. Зөндөө явлаа аймгийн төвөөр. Одоо бодоод байхад тэр үед яаж ч бодсон олон дэлгүүр их бараа байгаагүй л байх аймгийн төвд. Тэгэхдээ эмээгийн авдарнаас өөр юм мэдэдгүй надад их л гоё олон санагдаж байсансан. Тэгээд л нөгөө урт замаараа өөдөөс ээсэн наранд алхаад л... Тэгэхэд хоёр эмээ ядарсан байсан биз хөөрхий юм ярихгүй алхаад л. Би ч бүүр ядраад халууцаад л... цамцаа тайлах гэхээр эмээ тайлуулахгүй. Хаврын салхий хавирга нэвт гээд. Заза тийм юм байлгүй гээл. Хавиргаар салхи нэвтэрдэг талаар бодоод л. Хавирганыхаа гадуур цамц өмсөхгүй бол хавирга нь нэг шүүрэн шанага шиг гэж бодоод л тэгээд тэр нүхээр нь салхи гараад л гээд сонин сонин юм бодоод алхлаа. Тэгж байтал хөл бүүр эцээд аргаа бараад нөгөө хоёр эмээрүү хартал алхаад л байх юмаа. Хөгшин хүн байж ядардаггүй сонин юм гэж бодоод л "Яасан эцдэггүй хоёр чавганц вэ" гэж хэлээд нөгөө хоёр маань бөөн инээдэм болж билээ. Дараа нь эмээ маань "Нээрээ ч хүн эцээд байхад хоёр цавганц нь эцэхгүй" гээд л зөндөө инээгээд л их ярьдаг юм. Тэгээд нэг юм жаргаж байгаа халуун наранд амарч хэсэг суулаа. Бодвол эмээ маань саалиндаа л яарсан байх даа. Ноосон цамцтай явахаар дулаахан байсаныг бодоход нилээн дулаахан бараг л зун болж байсан юм шиг байгаа юм.
Гэртээ хариад эмээ мөнгөө тооллоо. Би эмээгээс сонирхоод:
-Хэд байна
-3000
-та хэдэн төгрөгтэй явсан юм бэ
-10000
-та 7000 мянган төгрөг үрсэн юм уу
гэж хэлэхэд эмээ маань их л инээгээд
-"Чи яаж мэдээв" гээд намайг өхөөрдөөд асуулаа.
-Би өөрөө бодсон юмаа.
Тэгж байтал өвөө орж ирээд ухаа халзан үнээ гээл ярьж байтал эмээ, Болор сая хэдэн төгрөгтэй явсан юм гэхээр нь арван мянга гээд 3000 төгрөг үлдсэн байна гэсэн чинь 7000 төгрөг үрсэн юм уу гээд шууд бодож байна гээд л .... тэр 2 ярьж гарав. Эмээ ч баадантай мөнгөө авдрандаа хийгээд сүү саалинда гарлаа.
Тэр үед би уншиж бичиж жаахан чаддаг байсан юм. Тэгээд нэг улаан харандаа цаасны хэлтэрхий хаанаас ч юм олоод аав гэж бичээд өмднийхөө карманд хийгээд тэрийгээ аав гэж бодоод л... хүүхэд ч гэсэн шаналаж байлаа. Яагаад явчихсан юм болоо гээд л... Аав маань тэр үед салчихсан байсан юм. Тэр үед нүдэнд минь нулимс цийлэгнээд л нэг л юм буруу байгаад мэдрээд л. Тэгтэл өвөө эмээ хоёрын дуу сонсогдоод бушуухан нулимсаа нуугаад арччихав.
Тэр өдөр эмээ маань толгой дээрээс аавыг маань зааж өгдөг ямар ч учиртай байсан юм билээ. Ухаантай хүн бодвол өөрөө ойлгог, тэгэхдээ аав чинь чамтай биш тусдаа байгаа шүү гэж ойлгуулах гэсэн юм байлгүй дээ. Эмээгийн минь надад өгсөн анхны ухаарал байх. Эмээ маань үргэлж л надаа зааж, сургаж байдаг. Юу ч болсон миний талд баттай зогсох миний хамгаалагч байсаар ирсэн. Сүүлд хүртэл богино нуруугаа гаргасан плать өмслөө гээд ээж эмээд ховлоход хүний хүүхэд өмсөөд л байдаг юм билээ гэж өмөөрч байсан юм. Бүхий л үед эмээ маань миний л талд байсан. Зөв ч бай буруу ч бай. Намайг загнадаггүй, харин хамаг юмыг тайлбарлаж ийм хүнийг хүн муу хэлдэг юм, эмэгтэй хүн ингэдэг юм гээд л зөндөө юмыг зааж сургадаг юм. Харин одоо хүний нутагт эмээ минь хэлдэг үг, ухааруулдаг ухаарал тань хэрэгтэй байна. Эмээ минь, охин нь яах ёстой вэ?
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Үйлийн үрт хүсэл минь Үнэндээ хайр биш Өмчирхөл. Г.Лхагвадулам Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хай...
-
Арга барсан бүсгүй Цагаахан даашинз Энхрийхэн мөр хүзүү Цахилан зугатах харц Эрхэмсэг гоо үзэсгэ...
Хэрвээ миний бодож байгаа зөв бол би тэр эмээг мэднэ , бас тэр ... -ыг ч би мэднэ ... Гоё эмээ , би дуртай
ReplyDeleteБи ч гэсэн өвөө эмээ дээрээ өссөн
Би нэг зүйлд маш итгэлтэй байдаг.Өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд эцэг эх дээрээ өссөн хүүхдээс хамаагүй өөр байдаг.
Би ч гэсэн нээрээ л өвөөгөө дагаад 10 гаруй км алхдаг байж билээ , нээрээ л ганц чихэр юу юунаас ч илүү сайхан санагддаг байж билээ.
Одоогийн хүүхдүүд азгүй юм даа ,
Энэ зун очсон чинь эмээ маань нааг мартчихсан байлээ.. хэний хүүхэд билээ гээд л.. хөөрхий хөөрхий.. өрөвдмөөр
ReplyDeleteХөөрхөн юм аа.
ReplyDeleteЯммммммммммар гоё бичлэг вэ
ReplyDelete