Thursday, June 21, 2012

Урилга

Би зүүдэндээ ганцаар алхсаар л... Бидний инээн хөтлөлцөн гүйж явсан тэр гудамжаар алхаж явахад гэнэт урд минь яг л авсны нүх. Бүр төв гудамжинд. Хэсэг гайхан харж зогслоо. Дотор нь ороод зогсож үзэв. Хэвтлээ. Тэнгэрт ямар ч од байсангүй. Бид уг нь дээш харж хэвтээд од тоолж байсан. Өнөө шөнө гялтайх од ч үгүй. Оршуулагдчихаад хэвтэж байхад чи ирэх болов уу? Миний оршуулган дээр Ганс энд Росесийн Арван нэгдүгээр сарын бороог дуулж өгөөрэй. Бараг л гэрээслэл гэх юм уу даа. Ер нь оршуулган дээр нь ирсэн хүний тоогоор ямар хүн байсныг нь мэдэж болох уу? Намайг дээрээс минь тойрч хараад л кинон дээр шороо цацдаг, над руу харин сүү цацаарай. Тэгээд маш гоё том тайз засчихаад захиалсан дууг минь дуулж эцсийн замд минь үдээрэй. Би 18 тай үе шигээ диваажингийн хаалган дээр үсрээд л дуундаа ороод л мансууран эцсийн замдаа сэтгэл амар буцна. 
Би ... Хэзээ үхэх вэ Ингэхэд? Магадгүй маргааш. Намайг шатаахгүй харин хөдөө хээр аваачаад булчихаарай. Тойруулаад Миний хайртай охины өгсөн Гоодаль цэцгийг тарьж, Пайзан чулуун дээр нь " Хангалттай солиорч, өөрийнхөөрөө амьдраагүй Болорын гэгээн дурсгалд" гэж эв муутайхан бичгээр сийлээрэй. Бодож байгаа шиг минь оршуулбал үнэхээр кино доо Кино. Аан тийм пайзан чулуун дээрээ нэмж бичүүлэх юм байна. Фейсбүүк хуудас, Блогийн маань линкийг доод буланд нь жижигхэн сийлчихээрэй. Би үхэлээ мэдэрсэн цагтаа драфтуудаа бүгдийн нээж, релеэйшншип статусаа солиод, "Үхсэн" гэж бичих болно. 
Намайг урин дуудах диваажинд чухамдаа би хүслээрээ байж чадах уу? Магадгүй диваажинд амьдрахгүй тамыг хүсээд байвал бас л эвгүй шүү. Ер нь тэхдээ амьдралд, ялангуяа хамтын амьдралд хүслээрээ байна гэдэг тун ховор. Ямар нэг юманд, хэн нэгний бас минийх шиг хүсэлд тааруулах гэж хүслээ үгүй хийнэ. Тэгсээр нийгэмд нэг л сайхан амьтан болж харагдах гэж явсаар өөрийн хүслээ биелүүлсэн юмгүй, нэг л мэдэхэд оршуулган дээрээ Арван нэгдүгээр сарын бороог сонсоод хэвтэх юм биш бээз. 
Нэг хүний хэлсэн үг бий. " Ямар ч байсан "Хүссэнээрээ" л амьдардаг юм шүү". Гэтэл тэр үгнээс хойш яагаад ч юм юу хүсэж байгаагаа мэдэхгүй, тэгсэн хэрнээ хийж байгаа, тохиолдож байгаа юм бүхэн миний хүссэн юм биш. Харин бүгдийг нь байгаагаар нь хүлээж авах гэдэг миний өчүүхэн зүрхний ачаалал даахгүй их зовлон. 
Ер нь тохиолдож байгаа юм бүхэн тохиолдлынх юм уу? Аль эсвэл бүгд төлөвлөгдчихсөн, чи хүслээрээ, чи зов, чи тэдэн хүүхэдтэй бол, ингэж өсгө гээд зурагдчихсан байдаг уу? Энэ бүгдийг бодож явсаар би яг тэр оршуулгын төв зам дагуух нүхэнд тулчихсан юм. 
Энэ бүгд тохиолдлынх эсвэл хүссэнийх, бүр эсвэл зурагдчихсан. 

Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Таныг оршуулгандаа урьсан
Дуламбаярын Болор

No comments:

Post a Comment

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...