Saturday, July 21, 2012

Намуун үдэш гадаа налайж, би бодолд автан хэсэг амс хийх зуурын тэмдэглэл


Болзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр. Гэхдээ эмээ маань нүгэл хурааж болохгүй гэсэн болохоор би зун бүр энэ хавийн тэнэмэл нохдын хуцахыг өдөр шөнөгүй сонсдог юм. Одоо ч бараг дасал болоод чих минь сонсохоо ч больж байна.
Уг би охиноо унтуулчихаад сайхан дуу сонсоод догдлохыг, зарим нэг зүйлийг эргэн санахыг хүссэн юмсан. Дурсамж бүрээ санах төдийд миний зүрх яг тухайн үеийн шигээ цохилдог. Сайхан зүүд зүүдлээд сэрэхэд ч тэр өдөр гийгээд л явчихдаг. Ганцхан үгэнд гомдоод хэдэн өдөр шаналан явах, юу ч болоогүй байхад гэнэт өөрөө нэг юм зохиож бодчихоод тэрэндээ шаналан суух явуургүй нэгэн бичигчийн сэтгэл хөдлөл. 
Найман жилийн өмнө эмээтэйгээ хоюулхнаа зусланд гардаг байхад яг ийм л үдэд Аюурзаны “Дурлалгүй ертөнцийн блюз”-ыг олон ч удаа уншсан даа. Унших тусам дурлах, дурлах дурлахдаа сэтгэлээ өвтгөн дурлах, бүр өөр хүний номыг сөхөх сонирхолгүй болтлоо дурлаж билээ. Арван таван настай гэнэн цагаахан дурлал тээсэн зүрхтэй надад тэр ном тэр чигтээ зүрхэнд минь хүрээд дотор нь ороод шингэчихсэн. Хааяа би номны хэсгээс энэ тэндээс нь санахад яг л миний дурсамж шиг санагддаг юм.
Сэрүүхэн тэхдээ гэгээтэй, хүмүүс бүгд энэ анирыг хүлээсэн мэт ойр орчмын айлуудын хөдөлгөөн багасаад, гэрийн ажил, хоолоо хийчихсэн надад  тайвшрах, олон зүйлийг тунгааж бодох хэсэг энд л гардаг билээ. Хүүхэд гаргаад анх удаагаа ингээд суух боломж гарч байгаа дээр нь бодож явсан хэдэн мөртөө бичих гэтэл энэ олноороо цугларсан нохдын дуу замхруулчихлаа.
Олон зүйл хиймээр санагдавч яг миний хүссэн зүйл юу вэ? Би юу сонирхдог вэ? Би нэг хүнд хүссэн зүйлээ хийж амьдрана гээд амлачихсан. Хүссэн зүйлээ хайх цөлд ус хайх шиг, эсвэл дуртай зүйлээ хүссэн зүйл болгоод цөлд худаг ухаад ус гаргаж ч болмоор. Ном уншаад л нуурын эрэг дээр цонхоор хараад гав ганцаараа амьдралыг олон ч жил хүссэндээ, даанч хангалттай баяжихгүй юм даа. Ганцаараа гэдэг нь ахуйн ажлаас хол, хэн нэгэнд таатай байлгах биш өөрийгөө л болгоод өөрөө л дуртай цагтаа унтаж, дуртай юмаа идэж, цагт баригдахгүй амьдрах. Энэ цаг үеийг хүртэл тэхдээ бас дуртай юмаа эсвэл хүссэн юмаа хийх гэхлээр хүүхэд, ахуйн ажил, жинхэнэ ажил хажуугаар нь бөөн чирэгдэл болох юмаа. Үндсэндээ завтай юм бодоод суух цаг өдөрт бараг л гарахгүй юм. Өчигдрын тэмцлийн үр дүнд өнөөдөр ингээд суух надад ялсан бус, олсон мэдрэмж төрж байгаа нь даан ч сайхан. 

Friday, July 20, 2012

Хайр



Үйлийн үрт хүсэл минь
Үнэндээ хайр биш
Өмчирхөл.
Г.Лхагвадулам

Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хайртай болох, үр хүүхдээ, ээж ааваа хайрлах хайр, найз нөхдөө хайрлах хайр, эр эмийн явдал гээд хүн бүр өөрөөр ойлгоно. Магадгүй олон жил хамтдаа амьдарсан хос хайрыг адилхан зүйлээр төсөөлж, нэг чигт харж, тэр зүйл нь өөд өөдөөсөө нэг шугаман дээр уулзалддаг болоод л тэр байх. Харин зарим хүнийг Х үсэг шиг огтолцоод төд удалгүй өөр тийш салан одно.
Би хайрыг ингэж боддог байсан
7 настай байхдаа
Ээж, ээж бол миний хамгийн их хайрын эхлэл. Эжий минь намайг хэмжээ хязгааргүй ихээр хайрлаж, миний төлөө бүхнийг хийдэг. Миний эхдээ зориулсан хайр тэр  өндөрлөгийн хормойд буй. Хайр бол дотно нууцаа хэлдэг хүн, аав ээж. Ингэж л би бусдаас сонсож бодож явсан.
14 настай байхдаа
Анхны хайр
Яг л Ромео Жулет шиг төсөөлөл. Удалгүй тэр төсөөлөл арилж, шохоорхож явсан хөвгүүн минь өөр охинтой үерхэж эхлэх төдий нурсан юм.  Магадгүй тэр анхны хайр биш байсан. Тэр нь 19 тэй байхад минь тохиолдсон ахимаг настай сайхан ах. Үнэн сэтгэлээсээ түүнийг хайрлаж хүндэтгэж, дурлаж, сөхөрч явсан. Гэхдээ би хүнд нь биш үзэмжинд нь гэдгийг хожим ойлгосон юм. Ер нь хэн бүхний анхны хайр үзэмжээр л эхэлдэг. Удаан үргэлжлээгүй тэр үерхэл түүний хувьд бол эр эмийн л ажил байсныг би сохорсон нүдээр хараагүй  явсан. Болсон явдалд харамсахыг хүсдэггүй ч харамсалтай санагддаг. Яагаад өөртөө дурласан үеийн хөвгүүн биш, эр бие нь гүйцэж ариун нандин хайрыг үгүй гэж боддог ах вэ гэж? Үүнээс хойш надад хайр гэдэг хоосон зүйл шиг санагдах болж, эр хүнийг хэрхэн хайрлахаа мэдэхгүй л явна.

21 настайдаа би эхийн хайрыг өөрийн биеэр мэдэрч эхэлсэн юм. Хэвлийд минь хүн бүрэлдэх тэр цагаас л зүрх минь өөр зүйлд догдолд айсуй цагийн гийчнийг тэсэн ядан хүлээж түүнд маш ихээр дурлаж байсан юм. Охин минь төрж тэр бяцхан амьтныг бүх зүйлээсээ илүүтэйгээр хайрлаж эхэлсэн. Гэвч яаж хайрлахаа одоо болтол сайн ойлгодоггүй эсвэл эвийг нь олдоггүй ч юм уу бүү мэд. Одоо бодохнээ хайр гэдэг хоосон зүйлийг би юугаар тодорхойлохоо мэдэхгүй эргэлзсээр хариуг нь хайх тусам холдоод ч байх шиг.

Харин яг одоо би хайр гэдэг зүйлийг дотор нь ангилах хэрэг байна уу гүй юу гэж бодох болсон. Ном бид хоёрын хайр, Л.Өлзийтөгсийг хайрлах миний хайр, Г.Аюурзанад өгсөн нигүүлсэнгүй юу ч өгөхөөс буцахгүй хайр, нөхрийгөө хардаж, хэрэлдэж, санаа зовдог хайр гэх зэрэг. Эцэг эхээ хайрлах нь зүйн хэрэг бараг л рефлекс. Хүмүүс хэнд хамгийн их хайртай вэ гэдэг. Хариулт нь ихэнх нь ээж, аав, үр хүүхэд, нөхөр сүүдэр. Миний хувьд би үзэл бодол дотоод хүнээ, өөрийнхөө ертөнцийг илүү гэж боддог.

Гэхдээ ер нь яг юуг хайр гэх вэ? Нэг хэсэг би эр эмийн хоорондох таталцах хүчийг хайр гэж бодож, хайртайгаа илчилж явсан. Гэвч одоо бодоход тэр бүгд зүгээр сэтгэгдэл төдий зүйл бөгөөд чухам нөгөө хайр гэдэг нь ч бас эргэлзээтэй. Эр эмийн явдал ч гэсэн зүгээр л амьтны адгуусан шинж чанарын илрэл, үр удмаа үлдээх физиологийн нэгэн үйл явдал төдий санагдах. Үүнийг хайр гэж эндүүрэх тохиолдол олон бөгөөд хайр гээд бодчихсон хүнтэй ч олон тааралдаж байлаа. Би чухам хэнийг юуг хайрлах, хэнээс хаанаас хайр хайх, яаж хайрлахаа одоо бүр ч мэдэхээ байлаа. Чухамдаа хайр гэдэг хоосон зүйл, нигүүлсэхүй, бүхнийг байгаагаар нь хүлээж авах зүйлийн илрэл ч байж болох. Өглөө болгон цонхоор харахад бие муутай эмгэнээ хөтлөн дагуулж салхинд гарч, сандал дээр суухад нь хөлийг хучиж, гаранд нь иллэг хийж өгч байгаа өвөөгөөс би заримдаа хайрыг хардаг. Магадгүй би эмгэн болсон хойноо л хайрыг ухаарах ч юм билүү. Үхэхдээ л үнэхээр хэнд хэр их хайртай байснаа ойлгох ч юм билүү. Үнэндээ энэ мэдрэмжийг үгээр хэлж тодорхой бичнэ гэдэг боломжгүй юм.

Миний унших дуртай нэгэн шүлэг байдаг. Арлааны Эрдэнэ-Очирынх
Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би
Арга барсан бүсгүй чи...

Үүнийг би маш гайхалтай хайрын шүлэг гэж боддог байсан ч одоо бодохнээ шунал хүсэл л үнэртэх юм. Магадгүй зарим хүмүүс ингэж дурладагт би атаархдаг. Би яагаад ч юм ийм л яруу хайрыг хүсэж байсан. Бас ингээд бодохоор хайрыг үгүйсгэх хэрэггүй л дээ. Эжий минь эмээ минь намайг хайрладаг. Тэд миний төлөө санаа зовж, эд эсээ гээж л суудаг. Гэхдээ би яагаад хайрлаж чаддаггүй юм бэ?
Зүрх, сэтгэл, хайр гурав миний ойлгохгүй ертөнц болоод тэдний илрэл хайрыг би бүр юу гэдгийг нь мэдэхгүй сууна. Магадгүй 20 жилийн дараа энэ талаар асуувал надад тогтсон сайхан бодол бий болсон байх байх. Үгүй ч байж болоод би үхэж мэдэх. Нэг тийм л гунигтай хоосон, магадгүй дүүрэх мэдрэмж. Гэхдээ яг одоо бол үгүй. Би хэнийг юуг, яаж хайрлахаа мэдэхгүй байна. Ийм бодлоосоо болоод ч тэр юм уу хүмүүсийг гомдоочихоод байдаг юм. За байз яаж хайрлаж сурч, хэнийг яаж хайрлах вэ?


Thursday, June 21, 2012

Урилга

Би зүүдэндээ ганцаар алхсаар л... Бидний инээн хөтлөлцөн гүйж явсан тэр гудамжаар алхаж явахад гэнэт урд минь яг л авсны нүх. Бүр төв гудамжинд. Хэсэг гайхан харж зогслоо. Дотор нь ороод зогсож үзэв. Хэвтлээ. Тэнгэрт ямар ч од байсангүй. Бид уг нь дээш харж хэвтээд од тоолж байсан. Өнөө шөнө гялтайх од ч үгүй. Оршуулагдчихаад хэвтэж байхад чи ирэх болов уу? Миний оршуулган дээр Ганс энд Росесийн Арван нэгдүгээр сарын бороог дуулж өгөөрэй. Бараг л гэрээслэл гэх юм уу даа. Ер нь оршуулган дээр нь ирсэн хүний тоогоор ямар хүн байсныг нь мэдэж болох уу? Намайг дээрээс минь тойрч хараад л кинон дээр шороо цацдаг, над руу харин сүү цацаарай. Тэгээд маш гоё том тайз засчихаад захиалсан дууг минь дуулж эцсийн замд минь үдээрэй. Би 18 тай үе шигээ диваажингийн хаалган дээр үсрээд л дуундаа ороод л мансууран эцсийн замдаа сэтгэл амар буцна. 
Би ... Хэзээ үхэх вэ Ингэхэд? Магадгүй маргааш. Намайг шатаахгүй харин хөдөө хээр аваачаад булчихаарай. Тойруулаад Миний хайртай охины өгсөн Гоодаль цэцгийг тарьж, Пайзан чулуун дээр нь " Хангалттай солиорч, өөрийнхөөрөө амьдраагүй Болорын гэгээн дурсгалд" гэж эв муутайхан бичгээр сийлээрэй. Бодож байгаа шиг минь оршуулбал үнэхээр кино доо Кино. Аан тийм пайзан чулуун дээрээ нэмж бичүүлэх юм байна. Фейсбүүк хуудас, Блогийн маань линкийг доод буланд нь жижигхэн сийлчихээрэй. Би үхэлээ мэдэрсэн цагтаа драфтуудаа бүгдийн нээж, релеэйшншип статусаа солиод, "Үхсэн" гэж бичих болно. 
Намайг урин дуудах диваажинд чухамдаа би хүслээрээ байж чадах уу? Магадгүй диваажинд амьдрахгүй тамыг хүсээд байвал бас л эвгүй шүү. Ер нь тэхдээ амьдралд, ялангуяа хамтын амьдралд хүслээрээ байна гэдэг тун ховор. Ямар нэг юманд, хэн нэгний бас минийх шиг хүсэлд тааруулах гэж хүслээ үгүй хийнэ. Тэгсээр нийгэмд нэг л сайхан амьтан болж харагдах гэж явсаар өөрийн хүслээ биелүүлсэн юмгүй, нэг л мэдэхэд оршуулган дээрээ Арван нэгдүгээр сарын бороог сонсоод хэвтэх юм биш бээз. 
Нэг хүний хэлсэн үг бий. " Ямар ч байсан "Хүссэнээрээ" л амьдардаг юм шүү". Гэтэл тэр үгнээс хойш яагаад ч юм юу хүсэж байгаагаа мэдэхгүй, тэгсэн хэрнээ хийж байгаа, тохиолдож байгаа юм бүхэн миний хүссэн юм биш. Харин бүгдийг нь байгаагаар нь хүлээж авах гэдэг миний өчүүхэн зүрхний ачаалал даахгүй их зовлон. 
Ер нь тохиолдож байгаа юм бүхэн тохиолдлынх юм уу? Аль эсвэл бүгд төлөвлөгдчихсөн, чи хүслээрээ, чи зов, чи тэдэн хүүхэдтэй бол, ингэж өсгө гээд зурагдчихсан байдаг уу? Энэ бүгдийг бодож явсаар би яг тэр оршуулгын төв зам дагуух нүхэнд тулчихсан юм. 
Энэ бүгд тохиолдлынх эсвэл хүссэнийх, бүр эсвэл зурагдчихсан. 

Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Таныг оршуулгандаа урьсан
Дуламбаярын Болор

Saturday, June 09, 2012

Цэцэгсийн улирлын өнгө нь ялгуун
Чиний үнэрийн шид нь мансуурам
Хав хар тэнгэрийн доорх олон зүүд
Хайрлаж болохгүй хэдхэн учралууд

Зүүд зүүднээс халихгүй байх...
Чи тэгж хэлсэн бас бодсон
Гэм нь би халиад хольчихсон тэднийг
Бодоогүй бас хүсээгүй
Ширтэх нүднээс чинь бодолс хөврөн буй
... бодлууд нүднээс нүдэнд дамжин буй
Санахгүй байхын хүсэл улам ойртуулж
Бодлын хэлхээний эгнээ бүрт чиний тухай бодол оршин буй
Гунигийн алсад даяанчлан буй тэр шүлэг
Илбүүлж илбүүлж төрсөн ганц мөр шүлэг юм
Сэтгэлийн угаас ухан ухаад ч
Гунигийн алс лугаа шүлэг ахин төрөхгүй яалтай

Чиний үгсийг эргүүлж тойруулж хараад ч
Инээдийн төдий баясал үгүй харагдана
Хүрэхийн алсын мөртүүд тань гуниулж
Хөндүүрлэх зүрхний гүнд үндэслэн буй ганцаардлын цэцгийн нахиалуулна

Магадгүй би чамаас маш гүнзгий гандцаардал халдсан

Сүүлийн өдрүүдийн хэдэн мөрүүд

Залхуу өдрийн наранд цохиулж
Чамд үлдэсэн сэтгэлийнхээ хагасыг дуудахаар хэнгэргээ шүүрлээ


Зүүд уясан сарыг аграмжаад 
Чамтай бүтэн амьдрал зүүдлээд сэрэхээр эндээс явлаа
Ц.Д

Хундага харших чэмээнээс хачин их уй мэдрэгдэнэ
Гартаа барих дарсандаа гашуудлаа хундагалан залгилна
Дахиад нэгийг ... Одоо энийг л...
Мансуурах оргилд аз жаргалыг хоромхон үзэгдүүлэв
Харин одоо бүр их шаналалыг нүднээсээ худгална
Урсаад л ... Уйлаад л... Арчина... Ахиад л...
Гэнэт тэсгэл алдан тачаадахад
Багтаж ядсан тэр их уй
Биеэс минь сад тавин асгарна

Хэдий би...

Гунигаа даллан үдсэн ч
Одоо тэр бүхлээр минь эзэмдэн
Тарчлаана Хүлээсгүй зовлонд
Живнэ

ххх

Нар сарны заагийг ялгахгүй
Нэвт гэрэлтэн явсан цаг хугацаа
Зүүд биш дурлал эрэх зүрхээ зэмлэн
Чамаас би өөрийгөө аван одъё
Өөрөөсөө би чамайг авахыг оролдъё
Бүтэх эс бүтэхийн үнэн үгүй ч
Бүлээн элгээ тэмтрээд яалтай

ххх

Үүлсийн дээр модод үндэслэн буй
Үнэндээ би тэнд огтхон ч очоогүй
Учралын дараа дэлбээлэх цэцгийн үнэр сэтгэлд тодхон буй
Үнэндээ би тэр цэцгийг ч хараагүй

ххх

Цэггүй, төгсгөлгүй өгүүлбэр шиг
Таслал тэмдэгтээр дүүрэн харц
Бодолгүй, шуналгүй өдрүүд шиг
Хүсэл, баланд живсэн зөрлөг

ххх

... алхаж ирээд үнсэх чинь
Зүүднээс өөр мэдрэгдсэн
Зүрхрүү хүрээд ороочихсон
Зөөлөн уруул амтагдана, бодогдоно...

ххх

Чимээгүйд суун санаа алдах чинь
Зүүдэнд минь ирж мэдрэгдсэн
Чи миний тухай бодсон


Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...