Tuesday, November 14, 2017

Мөрөөдөл

Надаас нэг удаа миний мөрөөдлийг асуухад би их хямарч билээ. Гэнэт бодсон чинь би ахуйгаас ангижирч чадахгүй завгүй болсоор л ямар мөрөөдөлтэйгээ мартсан байсан юм. Одоо хүртэл би юу мөрөөдөх тухайгаа бодоод бодоод бүгд л утгагүй санагдаад, чин сэтгэлээсээ юу хүсдэгээ мэдэхгүй л явна. Өөрийгөө олно гэдэг мөрөөдлөө зорилгоо мэднэ гэсэн үг ч юм шиг.

Саяхан бас мөрөөдөлгүйгээсээ болж сэтгэлээр хэсэг унав. Яах гэж яагаад амьдарч байгаа, амьдралын утга учир гээд л их л бодож шаналсан.
Тэгээд нэг ийм юм олж уншсан юм. "Эмэгтэй хүн нэгэнт амьдрал зохиож эхлүүлсэн бол өөрийн мөрөөдөл, хайр бусад зүйлийг ч гээдэг. Тэр өөрт байсан байгаа бүгдээ хүүхдүүддээ өгдөг". Үнэхээр хар багадаа хүүхэд гаргасан болоод ч тэр юм уу би тодорхой сайн мөрөөдөж амжаагүй байхдаа л ээж болчихож. Тэгээд л миний бүх юм ХҮҮХЭД болж надаас гарсан юм байна гэж хэсэг тайвшрав.

Мөрөөдөл байхгүй ч сэтгэл хөглөгдөж байж амьдрал илүү тод харагддаг юм шиг. Магадгүй миний юу ч мэдэхгүй гэнэн жаахан охин байхдаа бүтэн зүрхээрээ хайрласан тэр нэгэн сэтгэлийг минь үргэлж хөглөдөг ч байж мэдэх юм. Гэхдээ хүнийг хөглөх мартагдахгүй хайр амьдралд учирдагч тэр хүн хуучин мөрөөдөл, сайн сайхныхаа төлөө явах бус хүүхэд болж хувирсан мөрөөдлөө даган гэр бүлээ сонгодог ч юм шиг.

Сэтгэл зүрхээ даган, хүлээсэн хариуцлагын хүлээснээс ангид байж чадах зориг хэн бүгдэд үгүй учраас л тэдгээр дурлал, дурсамж богино хийгээд амттай байдаг байх. Магадгүй богино дахиж олдохгүй нь мартамгүй, амттай болгодог ч юм бил үү. Дурсамжаа зажилж насыг барахаас хойш аль болох харамсахгүй дурсамж ихийг бүтээж нэг тийм цатгалан мэдрэмжээр хөгшрөх юмсан. 

Monday, November 06, 2017

Хоосон


Олны дунд орох тусам ганцаардана...Орчлон нилдээ захгүй уудам далай мэт...

Ганцаардал бол барих барьцгүй атал байж болох хамгийн бодит оршихуй...Гуниг бол мэдлэг мэдрэмжийн торгон огтлол юм...Бид дандаа л ямар нэгэн найранд дээр суугаа мэт хөөрлөөр амьдрах юм бол мөнхөд согтуу явна...Бусдад анзаарагдах хэрэггүй, бусдыг анзаар...Үр дүнг битгий хүлээ...Өөрийнхөө дотор юу ч битгий үлдээ, дөнгөж мэндэлсэн хүүхэд мэт бол...зарим хүнд мунхаг хүн мэт санагдсан ч бүү тоо...Сэтгэл зүрхээ далай мэт төсөөллөөр дүүрэг...Эцэст нь өөрийгөө ертөнцийн төв биш гэдгийг гүнээ ухаар... Б. Идо http://idocg.blogspot.com/2012/06/blog-post_21.html 


Олон сар догдлон хүлээсэн учралын дараа бүх зүйл хоосон болох тэр мэдрэмж, бүхий л догдлолууд хоосрох. Хаашаа ч харсан хоосон. Бүх зүйл дууссан мэт сэтгэл, цээж минь хоосроос цаашлаад бодол ч хоосон болох тэр үед л би зүрхээ чагнаад хичнээн амьд байгаагаа бусад үеэс илүү мэдэрдэг. Магадгүй яг дур тавиад өөр ч юу ч хүсэхгүй дээшээ хараад хэвтэх мэт. Тийм л амгалан хоосон, хөвөрсөн мэдрэмжүүд. Энэ бүх хоосролоос гарч, өмнөх байдалдаа эргэж орох хүртэлх цаг хугацаа үнэхээр уртын урт санагдавч, хөвөрсөн өдөр хоногуудын дунд би орчноос тасрах мэт, юу ч ойлгохгүй алхаад л. Гэвч энэ бүхний эцэст бодол санаагаа хоослоос дахин цэгцлэн өрөх үед би хичнээн амьд, тайван байгаа мэдрэн халуун шоколад уугаад суух. Яг л номын тавиурын бүх номоо буцааж тавилгүй хооронд нь ээлжлэн сольж уншаад догдолсоор ширээгээр дүүрээд нэг л өдөр бүгдийг нь газар унагааж тараагаад хэрэгтэйг дээш нь авч, эрэмбэлж, төрөлжүүлэн буцааж өрж байгаа мэт.

Хүн бодол сэтгэлийн эрүүл мэнддээ төдийлөн анхаарахгүй, асуудлуудаа цэгцлэхгүй байсаар хэрхэн самуурч болдгийг, цэгцэлсний дараа хэрхэн уужирдгийг өөр дээрээ туршсаар л. Гэр орон, найз нөхдийнхөө дэргэд хоосон мэдрэмжтэйгээр хэвийн мэт амьдралаа үргэлжүүлэхэд цаг хугацаа үнэхээр харьцангүй удааширдаг ч юм шиг. Магадгүй хүн өөрөө өөрийгөө бодол санаагаа цэгцлэн, тунгаан байж эмчлэн тэгшрүүлдэг ч байж мэдэх. Гэхдээ энэ бүгд миний л бодол л доо.

Хэнээс ч юу ч хүлээхгүй, хүлээлтийг тэглэх оролдлогыг өдөр бүр өөртөө сануулж хэрэгжүүлж байх нь чухал юм. Гэлээ гээд би юу хүсэж, юунд аз жаргалтай байдгаа өдий хүртэл олоогүй л явна. Миний дотор байгаа идеалист Болор, гадна байгаа материалист Болор 2-ийн дунд хааяа энэ бүх дасгалыг хийж, өөртөө цаг гаргаж, бодол сэтгэлээ цэгцлэх нь зайлшгүй болоод л байна. Хүмүүс намайг 2 өөрөөр хардгийг сүүлийн үед анзаарах болсон. Цөөн хүн миний дотор байгаа Болорыг мэддэг. Түүнийг мэдээд шаналдаг, тусалдаг. Ихэнх нь гаднаас дүгнэдэг болоод ч тэр юм уу. Юунд ганцаарддагийг минь ойлгохгүй гайхах. Үнэндээ би ч өөрийгөө хааяа үзэн яддаг. Үнэхээр уур хүрмээр учир нь ойлгогдохгүй, юу хүсэж байгаагаа мэддэггүй мөрөөдөлгүй хүн. Өөрийнхөө тухай гүн гүнзгий бодох тусам улам л өөртөө дургүй болох тэр мэрэмж, үргэлж бараан сүүдрийг дагуулдаг. Энэ бүгдийг энд уудлаад бичих нь ч нэг хэлбэрийн сэтгэлээ тэгштгэх, хүлээлтийг тэгштгэх дасгал болж байна. Хүн өөртэйгээ ярих, өөрийнхөө тухай бичих үедээ бодол санаагаа тэр хэмжээгээрээ цэгцэлж чаддаг юм байна.

Saturday, September 30, 2017

Feeling

  Мэдрэгдэх үл мэдрэгдэх үй олон мэдрэмж дунд би үргэлж төөрсөөр. Угтаа надад мөрөөдөл, том зорилго, хүсэл үгүй билээ. Зөвхөн өөрийнхөө мэдрэмж, зөн совинд автан амьдарсаар 28 жил болж. Миний хувьд амьдрал төдий их утгагүй, заавал хүсэж шунаад байх хэрэггүй тийм л нэг түр орших газар ч юм шиг. Охид минь л амьд явах шалтгаан болно. Хүн тэгэхдээ цор ганцаараа байдаг бол амьдралд татаж чангаах зүйлгүйгээр урт наслахгүй байсан биз.

Миний төлөө зориулсан цаг хугацаандаа харамсах хүмүүс. Би тэдэнд юу ч өгч чадахгүй,  тэднээс бас юуг ч авч чадахгүй. Чин сэтгэл, дурлал, хайр гэдэг хүн бүрт өгөөд байдаг зүйл биш л дээ. Зүгээр л хүмүүс тэгж харагдахыг хүсдэг.

Гол нь харамсахгүй л амьдрах юм шүү дээ. Залуу насандаа хийх зүйлсээ бүгдийг нь хийчихсэн хүн 2 удаа амьдарсантай тэнцдэг гэж хаанаас ч билээ уншиж байсан. Миний хувьд үйлдэл бүхэндээ харамсахгүй л байвал 2, 3 удаа л амьдарлаа гэсэн үг ч юм шиг. Хэд ч наслаа билээ, дургүй зүйлээ хийж, дургүй хүмүүстэй уулзаж байна гэдэг яагаад ч тэвчээд цаг хугацааг бараад суух явдал биш.

Яг нэг тийм гоё бүдэг гэрэлд халамцуу, франц жазз дуу сонсоод нам гүмд сууж байгаа юм шиг амьдарвал гоё. Тэгтлээ зовоод, шунаад, жаргаад, тодроод байхгүй. Бага зэрэг уянгатай, хөнгөн, тэгэхдээ бүр ч тасраас алга болчихгүй, айхтар өрнөл, тэмцэл байхгүй.

Болдог бол нөгөө яриад л явдаг төсөөллийнхөө байшинд дуртай хэдэн дуугаа сонсоод, хэнд ч төвөг болохгүй, дуртай юмаа бичнэ үү, гар урлал хийнэ үү тэгэсгээд л амьдрах юмсан.

Явж явж хамгийн чухал нь сэтгэлийн тогтвортой байдал шүү Болор оо!

Monday, August 28, 2017

Та надаас намайг аваад явчихсан
Тийм болоод л би энд өөрийгөө ч мэдрэхгүй
Зүрх цохилох мэт боловч
Зүс үзэгдэх мэт боловч
Таньгүйгээр би би биш болж
Итгэлийн минь өрөөсөн тал нуран унав
Тэгээд л би хоосорч үлдэв

Monday, August 21, 2017

Таныг мартах дасгал


Бодохгүй бодохгүй 1,2,3
Өдөрт нэг л удаа бодно шүү
Үргэлж бодохгүй шүү, мартах ёстой
Би таныг мартах учиртай

Өдөр бүрийн дасгал
Өдөржин л бодогдох Та
Дурлуулдаг дасгал гэлтэй
Гунигтай бодлын эзэн юм аа Та

Навчис ч шарлаагүй намраар
Таныг санагдуулах салхины сэржигнээ
Намуухан холдох наран ээсэн өглөө
Гунигийн далайд умбасан ч хамаагүй
Та л ....
Дэргэд байвал ...

Санаа л алдаад л
Салхины сэрчигнээ сонсоё

2017.08.21


Friday, March 31, 2017

Төрсөн өдрийн мэндчилгээ

Бид залуу байхаа больж
Биесээ тэврэхээ болив
Чухам юуны тулд хайрлаж дурлав
Чин сэтгэл гэдэг юу байв

Салхийг чинь дагаад алхахгүй л бол
Санаа амрахгүй байсан
Санаад л байна гэж шаналаад
Шөнөжин хөрвөөдөг байсан

Цаг хугацааны эрхэнд залуу байхаа больж
Цаашлаад л байх сэтгэл юм
Сэрүүн зүүдэлж, унтаа амьдарч байгаа юм шиг
Хоосон дунд туучих мэт өдрүүд хөврөх юм

Өнөөдөр таны төрсөн өдөр

Thursday, March 16, 2017

Хавар

Нар мандаж эврээхий цэцэгсийн дээгүүр дэгдэн нисдэг шиг л миний сэтгэл хавар болохоор л тогтохоон байчих юм. Ла Ла Ланд үзээд л зайрмаг идэж гудамжаар хөтлөлцөн алхмаар. Шинээр догдолж, Хэн нэгнийг ямар ч болзолгүйгээр хамгийн сайн сайхнаар харан нүүрээрээ дүүрэн инээмсэглэлтэй алхах юмсан. Даашинзны хормой, ороосон үсээ дэрвүүлэн алхах тэр мэдрэмж  чухам хүний амьдралд хэд ирдэг юм бэ? Энэ үед амьдралаас утга учир хайж дэмий бүхнийг эргэцүүлэн гудамж ширтэн кофе шопд сууж байхыг бүхнээс илүү хүснэ. Нэмээд Өлзийгийн ганц сайхан өгүүллэг, Аюурын дурлалын тухай гунигтай шүлэг. Энэ дуу

Гэлээ гээд ажлаа хий дээ Болор оо, Хавар цагийн эморлоо зогсоо

Wednesday, February 08, 2017

Цастай үдшүүд

Улаан тэнгэрээс асгаран буух цасан ширхэгүүд
Урьд цагийн учралтай холбох мэт хөврөн ниснэ
Учралын сайхан тэр нэг өвлийн болзоо
Үйлийн үрээр зам салсан


Цас бүрээр учрах болзоо
Магадгүй бидний болзоо бүрт зориулсан цас
Бурханы зурсан зам мэт болзоо
Тэдгээр өдрүүдийн тэмдэг болсон Цас
Цастай үдшүүд

2016,11,06

Friday, January 20, 2017

Хүлээн зөвшөөрөгдөх

Ямар ч байсан хүн ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөгдөхийг л хүсдэг юм байна. Энэ тэгэхдээ миний л бодол л доо. Хүмүүс хайртай хүндээ хүлээн зөвшөөрөгдөх, хайртай хүнээ хүлээн зөвшөөрөх гэдэг бол хамгийн түгээмэл байдаг байх.

Эрчүүдийн хувьд олны дунд хийж байгаа ажил, хийж бүтээснээрээ хүлээн зөвшөөрөгдөх тийм амбиц их харагддаг. Цаашлаад ор хөнжлийн асуудалд ч хүлээн зөвшөөрөгдөх гээд л. Нөхрүүд сайн аав, сайн хань байж хүлээн зөвшөөрөгдөх, зарим тохиолдолд цорын ганц эр хүн нь гэдэгээ хүлээн зөвшөөрүүлээгүй мэт дотроо бодож хардах гээд амьдралын хэсэг бүрт л энэ зүйл ажиглагдах болов. Хүүхэд бол сайн, хайртай хүүхэд нь болж хүлээн зөвшөөрөгдөх. Хэдий том болсон ч ээж аавдаа үргэлж хүлээн зөвшөөрөгдөхийг л хэн ч байсан хүсдэг. Би өөрөө ээж хүний хувьд ч хүүхэддээ сайн ээж, итгэлт хүн нь байж хүлээн зөвшөөрөгдөх гэсэн далд бодолтой л явдаг. Энэ хүлээн зөвшөөрөгдөх гэдэг бодол нь хүн ил гаргаж хэлж төдийлөн зүрхлэхгүй ч өдөр бүр хичээх тэр л процессоор мэдэгдэж харагдах юм. 

Багш хүний хувьд ч мэргэжилдээ эзэн байж, тухайн сургууль, эцэг эхэд хүлээн зөвшөөрөгдөх амбицтай байгаа нь илт харагддаг. Амбиц нь илт мэдэгдэхгүй ч хүн бүр арай дээр байхын тулд чармайж л байдаг. Бид бүгд л аль талаараа, ямар нэг зүйлээрээ хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж амьдардаг мэт.

Хэн нэгнийг мартахгүй зүрхэндээ хүлээн зөвшөөрөх, байгаа байдлаар нь хүлээн авах нь хичнээн давж барахгүй мэт ч давчихсан байдаг даваа. Хүн хичнээн мартая гээд мартаж чадахгүй дурсамж дурлалтай учирдаг. Анхны хайр гэдэг магадгүй жинхэнэ хайр, хамгийн их шаналдаг хайрыг ч хэлдэг байж мэдэх юм. Зүрх зүсэгдэх, нойргүй хонох, түүнээс өөр хэнийг бодож чадахгүй, тэрэнгүй бол хорвоо дэлхий хөмөрчих гээд л дайвалзаж явсан өдрүүд. Тэр миний анхны хайр хожим хойно учирсан ч бидний дурлал чин сэтгэлийнх. Бүтэх эс бүтэх тухай, дэргэдээ байлгах тухай биш сэтгэлдээ нандигнах л хайр. Өглөө сэрээд бодох, дүрийг нь сэтгэлдээ бодон инээх тэр мөчүүд, дур тавьж байхдаа ч сэтгэлдээ төсөөлөх тэр амьсгал. Энэ бүгдийг өөртөө нууцлах, өөрөөсөө нандигнан хайрлах, хайраар бялхах, сэтгэл дүүрэх мэдрэмжүүд минь юугаар ч солигдошгүй.

Хүлээн зөвшөөрөгдөх талаар бодож бодож өнөөдөр би нэг зүйлийг ойлголоо. Тухайн хүнийг байгаагаар нь хүлээж авах, байгаагаараа өөрийнхөөрөө хэн нэгэнд тэр чигтээ хүлээн зөвшөөрөгдөх. Хүлээлтээ багасгаж, зөвхөн хайраар хүнийг хүлээж авах, зүрхэндээ уучлалыг бий болгох гэдэг үгний учрыг олон зүйлд хүлцсэний дараа л ойлгох юм. Гэхдээ ойлголоо гээд байнга ухаарч, хэрэгжүүлж чадаж байгаа нь үгүй.

Надад гэхдээ өмнө нь эргэлзээ төрж байсан ч одоо бол бидний хайрын талаар хичнээн хайртай гэж хэлэхгүй байсан огтхон ч эргэлзээ байдаггүй. Хайр гэдэг дасал болсон зүйл биш, хажуудаа суулгаад зовлон жаргалаа хуваалцахаас арай өөр сэтгэлийн дээд хэсэгт буй тэр сэрэл мэдрэмж ч юм шиг. Магадгүй хэн нэгэн надтай адилхан бодох үе бий, бодохгүй ч үе байна. Гэхдээ цор ганц намайг байгаагаар минь хүлээж авсан тэр хүний тэр сэтгэл бол хайр гэдгийг би хэлж чадна.

Би сайн хүн болохыг, сайн байна гэж хэн нэгэнд хэлэхгүй ч хайрлаж чаддаг баймаар байна. Угаасаа өөрчилж болохгүй нөхцөл байдалд бусдыг бодон хүлцсэн бид. Тэглээ гээд бид хоёр талтай. Сайн муу тал нь хосолсон, бид сайн хүн болж харагдахыг хүсэхгүй ч муу хүн болж бас л чадахгүй.

Богинохон ховор учралууд минь хайранд цаг хугацаа хамааралгүй гэдгийг харуулсаар, намайг жинхэнэ хайр байдагт итгүүлдэг. Хайрлана гэдэг үнэндээ хүлээн зөвшөөрөгдөх сэтгэлийн орон зай мэт хөлгүй өдрүүд минь үргэлжилж үргэлжид бодогдох тэрнийг бий байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж чадна гэдгээ ойлгох тэр жаргалтай мэдрэмжүүд ч юм шиг.

Хичнээн үзэн ядагдах зүйл хийлээ ч сүүлдээ харамсахгүй амьдрах, өнгөрсөн амьдралаа хүлээн зөвшөөрөх, харамсал төрөхгүйгээр хамгийн сүүлийн мөчид буцан самардах өдрүүдийн төлөө энэ бүгдийг би зүрхнийхээ дуудлагаар л хийж байна. Мэдрэмж бүрээ бичиж амжихгүй ч хамгийн их эргэцүүлсэн мэдрэмж, бодлоо бичиж сууна.

Үр минь үлдэх хорвоод би үрийнхээ төлөө тэсэж хүлцсэнээ дараа нь өөрсдийнх нь төлөө гэж нялзаахгүй, гомдол хариу нэхэлгүй охидоо өсгөх юмсан. Үр минь намайг яах гэж миний төлөө өөрийгөө бодолгүй амьдралаа үрсэн юм бэ гэж буруутгахгүй байгаасай.

Ямар нэг зүйлд махрахгүй, айхтар том зорилго тавихгүй ч би хүн шиг амьдарч, асаж унтарч, шатаж эцсийн дүнд харамсахгүй, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж чадсан уу гэж шаналахгүйгээр өөрийнхөөрөө зоргоороо л амьдрахыг чиг мөрөө болгохыг хүсэж байна. Эцэстээ байгаа амьдралаа байгаа чигээр нь хүлээж авч, амьдралд чинь тохиолдсон тохиолдол бүр чинь нийлэн байж одоогийн Чи бий болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх. Өнгөрсөнд харамсахгүй, ирээдүйд санаа зовохгүй байна гэдэг үнэхээр өдөр бүр өөртөө хэлж аз жаргалтай амьдрах түлхүүр минь болох юм гэж хэн саналаа. 

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...