Зүүдлэхийг хүсэх бүрт тэр ирдэггүй
ч зүүдэлсэн үед би хамгийн тайван болдог билээ. Түүнтэй зүүдэндээ ярилцах,
түүнийг харах миний хувьд зүгээр л тайвшрал, ямарч тохиолдолд тэр намайг
тэвчээртэй сонссоор л байдаг. Би тэрэнд болох болохгүй, солиотой, хачин,
баймгүй хүслээ бүгдийг нь ярихад тэр ойлгосон ч ойлгоогүй ч намайг харан ямар
нэг байдлаар намайг илааршуулж, тайвшруулах гэж хаа нэг ганц үг дугарна. Түүнд
би таалагддаг, тэр ч надад таалагдаж бид аяндаа биендээ татагдсаар уулзсан.
Анхны зүүднээс би түүнд бараг дурлачихсан. Бодохгүй, хүлээхгүй хором гэж үгүй
болж амьдрал зүүдний заагийг ялгахаа больчихсон. Гэнэт би бүх зүйл болохгүй
байгааг ухааран түүнийг уурлуулах, өөрөөсөө түлхэх (яг үнэндээ өөрийгөө тэрнээс
холдуулах) талаар бодсон. Дараа нь хачин их тэнэглэж уурлуулчихсан гэж бодсон.
Гэтэл тэр намайг ахиад хүлээж авна, ахин
зүүдэнд минь ирнэ гэсэн. Ер нь би гэж солиотой хүүхэн, хамаг амьдралаа хүний
төлөө юм шиг санаж, хийсэн үйл болгондоо харамсаж, гутарч, хачин бодлоор толгойгоо
гашилгаж, тэр бүгдээ хаа намаагүй түүн дээр асгаад л байхад тэвчээд суудаг
тэрэнд улам татагдах шиг. Шөнө дундаас үүр цайтал үргэлжлэх зүүд өдөр биелэлээ
олбол бид хэн нэгнийг гомдоох л байх. Гэхдээ би зүүд зүүдээрээ зүүдлэгдсээр
байна л гэж боддог. Бидний яриа үргэлжилсээр, тэр намайг сонссоор л байх.
Гэхдээ зүүдний дүрэм ийм. Ямар ч төлөвлөгөө байхгүй, хэзээ ч дуусаж болох,
хэзээ ч учирч болох, юу ч хийж болох гол нь амьдрал зүүдний заагийг мэдрэх. Тэр
цөөн үгтэй, хааяа би түүнийг залхаачихлаа гэж бодоход тэр залхаагүй байдаг. Ер
нь тааж мэдэх, ойлгоход бэрх хүн хирнээ, намайг хүлээж аваад, сонсоод ярилцаад
байдагт нь би баярладаг юм. Ахиж би тэгтлээ их жаргалтай, сэтгэлийн эрх
чөлөөтэй зүүдлээ ч үү, үгүй ч үү. Зүүдээ
мартахгүй гэж хичээдэг юм. Бодоход л тайвшрах тийм л зүүд . Дараагийн зүүдийг
хүсэх бүр холдоод ч байх шиг. Дахиж би хэзээ ч түүнтэй зүүдэндээ уулзаа билээ,
ганцхан цаг зүүдлээд юу ч ярихгүй, хараад хараад л санаа алдаад л ширтээд л
тэгж тэгж үнсээд салах юмсан.
Wednesday, December 10, 2014
nulims
Харилцаа, хамтын ойлголцол, хайр,
халамж нэмэх нь хамаарал тэнцүү Гэр Бүл. Сайхан гэр бүл гэдэг яг ямар гэр бүл
гэж боддог вэ? Би бодож бодож ер нь ийм байх байлгүй гээд л баахан ийм байна,
тийм байна гээд нөхөртэйгээ үзэлцэнэ, гомдоно, голно. Тэглээ гээд ер нь
хүмүүсийн амьдралыг хараад ч өөрийгөө хараад ч яг ямар байхыг нь олоогүй л
явна. Ер нь олох ч үгүй биз. Ер нь дуртай юмаа хийгээд, өлсөхгүй, өвдөхгүй,
элэг бүтэн байхад л сайхан амьдрал гэж хаа нэгтэйгээс уншсан юм. Харин тэр үнэн
ч юм шиг. Гэхдээ би өөрөө илүү юм хүсээд, шунаад байдаг. Яалтай ч юм бэ дээ.
Зүүн мөрөн дээр минь хүсэл, шунал, хүнд муу харагдахгүй гэсэн шуналын чөтгөр,
нөгөө талд нь амар амгалан, ганцаараа олон зүйлгүй амьдрах бурхан суусан мэт би
өдөр бүр өөрий өөртэйгөө зөрчилдөн, өөрийгөө буруутгана, зөвтгөнө, өрөвдөнө.
Хүн ер нь өөртөө зориулж л уйлдаг
юм шиг. Өвөө минь эргэж ирэхгүй явахад би газар сөхрөн уйлаад үлдсэн. Угтаа бол
би тэр хоосорсон орон зайг хэрхэн даван туулахаа мэдэхгүй, өөрөө яахаа
мэдэхгүй, өвөөгөө үгүйлсэндээ л уйлсан байх. Өвдөхдөө, хэрэлдэхдээ, айхдаа,
шаналахдаа би өөрөө тэр цаг хугацааг даван туулж чадахгүй байгаадаа л шаналан
уйлдаг. Өөрийгөө өрөвддөг, өөрийгөө л бодож уйлдаг эсцийн эцэст. Нөгөө нэг
зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шиг, уйлаад нэмэргүй зүйлд усан нүдлээд л
өөрийгөө л тайвшруулах гэж, бусдаар өрөвдүүлж, нөхцөл байдлыг өөрийнхөө төлөө
эргүүлэх гэж л уйлдаг. Уйлна гэдэг угтаа сэтгэлийн л засал байх даа. Хүүхдийн
хувьд ч гэсэн адил. Тэр өөрийнхөө л төлөө уйлж, хүссэн хийж, хүссэндээ хүрэх
гэж, өвдөж байгаагаа даван туулах гэж, ээжийгээ хажуудаа байлгах гэж л уйлдаг.
Уйллаа гээд амьдралд ойлголцол
нэмдэггүй, зүгээр л тухай үеийнхээ байдлаас л түр гаргадаг нэг бодлын зэвсэг ч
юм шиг.
ДУУ
Би нэг их олон дуу сонсдоггүй. Миний сонсдог дуунууд бүгд ямар нэг учраас, ямар нэг зүйлийг санаг дурсуулж, сэтгэлийг минь нэгэн хэвийн байхаас авардаг. Хичнээн хэн ч сонсохоос аймар солгой ч гэсэн би ганцаараа байхдаа эсвэл зүгээр л дотроо шаналан байж, эсвэл догдлон, хайрлан байж тэдгээр дууг сонсдог. Өнөөдөр нэг солонгос дуу сонссон юм л даа. Тэр дуу 18 үеийн анхны хайртайгаа өнгөрүүлсэн өвлийг санагдуулдаг. Тэр тэгэхэдээ найзууд гэж боддог. Миний анхны хайр хэзээ ч юм гэнэт гарч ирж, гэнэт алга болдог. энэ дуу үнэхээр бүгдийг дурсуулж чаддаг. Тэр манайд ирэхдээ надад энэ дууг дуулж өгөөд би утсан дээрээ бичлэгийг нь хийж байсан юм. Одоо хуучин компьютерээ ухвал тэр дуу гарч ирэх л байх. Өдөр бүр, шөнөжин тэр бичлэгийг үзэн орондоо инээж хэвтдэгсэн. Хичнээн хөөрхөн, хичнээн дурлаад ханамгүй сайхан залуу. Одоо гэсэн энэ мэдрэмж арилаагүй. Тэрнийг гүйцэж миний сэтгэлийг бүрэн эзэмдсэн залуу дахиж олдохчгүй биз. Учир нь тэр анхны хайр гэнэн залуу цав цагаахан сэтгэлд хайр гэж бичээд явчихсан. Харин маш хөндүүр сорви үлдээсэн. Одоо ч энэ дууг сонсоход зүрх минь өвддөг, тэр сорви хөндөгддөг. Сонсох бүр тэр өвөл нүдэнд харагдаж, тэрэнд таалагдах гэж хичээж байсан минь бүгд санаанд орж байна. Одоо гэсэн тэрний үг бүр надад үнэтэй, одоо ч гэсэн би таалагдах гэж, тэрэнд ядаж найз хэвээр мартагдахгүй байхын тулд бүхнийг хийдэг. Тэр бүхнээс хүчтэй байдаг шигээ, миний зүрхэнд ч бүхнээс илүү зай эзэлдэг. Би гоё сайхан дурсамжаа самардах бүрд тэрний тухай бодол хамгийн эхэнд орж ирдэг нь бүр ч хэцүү.
Тэр бол ямарч нөхцөл, шалгуур харгалзаж үзээгүй зүгээр л тэр хүнийг бүхлээр нь хайрласан хайр байсан болоод ч тэр үү, зүрх минь одоо хүртэл хөндүүр, тэр үргэлж зүүдэнд минь ирсээр л байдаг. Тухайн үед зүрхэнд минь ямар ч айдас, ямар ч шарх огт юу ч байгаагүй болоод тэр чигээр нь, хамгийн ихээр, хамгийн сайхан чигээр нь хайрласан. Бидэнд учирсан хамт байсан өдрүүд цөөн ч гэлээ хамт байсан өдөр бүрт тэр надад ямар нэг мартамгүй дурсамжийг үлдээгээд явдаг. Түүнтэй хамт байсан өдрүүд бүгд инээдээр бялхаагүй ч хэрэгтэй үед минь хичнээн хурдан ирээд намайг аргадаж, би мөрийн нь түшин уйлдаг. Юм бүхний түрүүнд тэрэнд л хэлэхийг хүсдэг. Тэр надад хичнээн хэрэгтэй байдгаа мэддэг болов уу. Миний сонсдог дуунууд ихэвчлэн бүтэлгүй хайр, хайраа илчилсэн, санагалзсан дуунууд байдаг. Магадгүй миний тэрэнд одоо болтол хэлж чадаагүй үгс тэр дуунууд шиг болоод л тэр байх.
Гадаад явахаасаа өмнө нь гэрт минь зорьж ирээд хоол хийж өгч бүтэн оройг жаргалтай өнгөрүүлчихээд явахад чинь яагаад ч юм гадарлан уйлмаар санагдсан ч би юу ч болоогүй юм шиг инээгээд л ядаж уран зохиолын дэвтрийг чинь дурсгал болгож авч үлдэх гээд чадаагүй дээ. Тэгэхдээ л тэр яагаад ч юм надад сэтгэл гаргаад байдаг байсан ч бид бие биенээсээ холдохгүйн тулд үргэлж сайн найзууд хэвээр байхыг чухалчилж яг хоюул байх үедээ яагаад ч юм ичингүйрч орхидог. гэнэт гэнэт сэдэв олж ярих гэж хичээгээл, юуны ч тухай хамаагүй дуржигнатал ярьж байгаад л салдаг. яг үнэн сэтгэлээ уудлаж ярьсан өдөр байгаагүй, байлгахгүйн тулд ч хичээдэг. Тэрний хэлдгээр нэг тийм утгагүй харилцаа бидний дунд одоо хүртэл бий. Тэр одоо болтол надад уулзаад салах, өөр тийшээ явахдаа баяртай гэж хэлж байгаагүй. Үргэлж ямар нэг зүйлийн өмнө уулзаж хөгжилтэй зүйл хийж, намайг инээлгэчихээд явдаг. Тэгэхдээ явлаа баяртай гэж хэзээ ч хэлж байгаагүй шигээ, хэзээ ч хамаагүй гарч ирээд сайнуу гэнэ, эсвэл утсаар ярина. Миний дугаарыг утсандаа хэзээ ч тэмдэглэдэггүй үргэлж цээжинд нь байдаг болоод ч тэр үү би дугаараа сольж чаддаггүй юм. Гадаадад байхдаа хаа хол хөдөө тосгоноос юу ч болоогүй хүн шиг утасдаад л аймар хөөрхөн ярина. Тэр дуудлагыг авсан өдөр би тэр чигэээрээ агаараар нисдэг байлаа.
Subscribe to:
Posts (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Үйлийн үрт хүсэл минь Үнэндээ хайр биш Өмчирхөл. Г.Лхагвадулам Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хай...
-
Арга барсан бүсгүй Цагаахан даашинз Энхрийхэн мөр хүзүү Цахилан зугатах харц Эрхэмсэг гоо үзэсгэ...