Friday, January 20, 2017

Хүлээн зөвшөөрөгдөх

Ямар ч байсан хүн ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөгдөхийг л хүсдэг юм байна. Энэ тэгэхдээ миний л бодол л доо. Хүмүүс хайртай хүндээ хүлээн зөвшөөрөгдөх, хайртай хүнээ хүлээн зөвшөөрөх гэдэг бол хамгийн түгээмэл байдаг байх.

Эрчүүдийн хувьд олны дунд хийж байгаа ажил, хийж бүтээснээрээ хүлээн зөвшөөрөгдөх тийм амбиц их харагддаг. Цаашлаад ор хөнжлийн асуудалд ч хүлээн зөвшөөрөгдөх гээд л. Нөхрүүд сайн аав, сайн хань байж хүлээн зөвшөөрөгдөх, зарим тохиолдолд цорын ганц эр хүн нь гэдэгээ хүлээн зөвшөөрүүлээгүй мэт дотроо бодож хардах гээд амьдралын хэсэг бүрт л энэ зүйл ажиглагдах болов. Хүүхэд бол сайн, хайртай хүүхэд нь болж хүлээн зөвшөөрөгдөх. Хэдий том болсон ч ээж аавдаа үргэлж хүлээн зөвшөөрөгдөхийг л хэн ч байсан хүсдэг. Би өөрөө ээж хүний хувьд ч хүүхэддээ сайн ээж, итгэлт хүн нь байж хүлээн зөвшөөрөгдөх гэсэн далд бодолтой л явдаг. Энэ хүлээн зөвшөөрөгдөх гэдэг бодол нь хүн ил гаргаж хэлж төдийлөн зүрхлэхгүй ч өдөр бүр хичээх тэр л процессоор мэдэгдэж харагдах юм. 

Багш хүний хувьд ч мэргэжилдээ эзэн байж, тухайн сургууль, эцэг эхэд хүлээн зөвшөөрөгдөх амбицтай байгаа нь илт харагддаг. Амбиц нь илт мэдэгдэхгүй ч хүн бүр арай дээр байхын тулд чармайж л байдаг. Бид бүгд л аль талаараа, ямар нэг зүйлээрээ хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж амьдардаг мэт.

Хэн нэгнийг мартахгүй зүрхэндээ хүлээн зөвшөөрөх, байгаа байдлаар нь хүлээн авах нь хичнээн давж барахгүй мэт ч давчихсан байдаг даваа. Хүн хичнээн мартая гээд мартаж чадахгүй дурсамж дурлалтай учирдаг. Анхны хайр гэдэг магадгүй жинхэнэ хайр, хамгийн их шаналдаг хайрыг ч хэлдэг байж мэдэх юм. Зүрх зүсэгдэх, нойргүй хонох, түүнээс өөр хэнийг бодож чадахгүй, тэрэнгүй бол хорвоо дэлхий хөмөрчих гээд л дайвалзаж явсан өдрүүд. Тэр миний анхны хайр хожим хойно учирсан ч бидний дурлал чин сэтгэлийнх. Бүтэх эс бүтэх тухай, дэргэдээ байлгах тухай биш сэтгэлдээ нандигнах л хайр. Өглөө сэрээд бодох, дүрийг нь сэтгэлдээ бодон инээх тэр мөчүүд, дур тавьж байхдаа ч сэтгэлдээ төсөөлөх тэр амьсгал. Энэ бүгдийг өөртөө нууцлах, өөрөөсөө нандигнан хайрлах, хайраар бялхах, сэтгэл дүүрэх мэдрэмжүүд минь юугаар ч солигдошгүй.

Хүлээн зөвшөөрөгдөх талаар бодож бодож өнөөдөр би нэг зүйлийг ойлголоо. Тухайн хүнийг байгаагаар нь хүлээж авах, байгаагаараа өөрийнхөөрөө хэн нэгэнд тэр чигтээ хүлээн зөвшөөрөгдөх. Хүлээлтээ багасгаж, зөвхөн хайраар хүнийг хүлээж авах, зүрхэндээ уучлалыг бий болгох гэдэг үгний учрыг олон зүйлд хүлцсэний дараа л ойлгох юм. Гэхдээ ойлголоо гээд байнга ухаарч, хэрэгжүүлж чадаж байгаа нь үгүй.

Надад гэхдээ өмнө нь эргэлзээ төрж байсан ч одоо бол бидний хайрын талаар хичнээн хайртай гэж хэлэхгүй байсан огтхон ч эргэлзээ байдаггүй. Хайр гэдэг дасал болсон зүйл биш, хажуудаа суулгаад зовлон жаргалаа хуваалцахаас арай өөр сэтгэлийн дээд хэсэгт буй тэр сэрэл мэдрэмж ч юм шиг. Магадгүй хэн нэгэн надтай адилхан бодох үе бий, бодохгүй ч үе байна. Гэхдээ цор ганц намайг байгаагаар минь хүлээж авсан тэр хүний тэр сэтгэл бол хайр гэдгийг би хэлж чадна.

Би сайн хүн болохыг, сайн байна гэж хэн нэгэнд хэлэхгүй ч хайрлаж чаддаг баймаар байна. Угаасаа өөрчилж болохгүй нөхцөл байдалд бусдыг бодон хүлцсэн бид. Тэглээ гээд бид хоёр талтай. Сайн муу тал нь хосолсон, бид сайн хүн болж харагдахыг хүсэхгүй ч муу хүн болж бас л чадахгүй.

Богинохон ховор учралууд минь хайранд цаг хугацаа хамааралгүй гэдгийг харуулсаар, намайг жинхэнэ хайр байдагт итгүүлдэг. Хайрлана гэдэг үнэндээ хүлээн зөвшөөрөгдөх сэтгэлийн орон зай мэт хөлгүй өдрүүд минь үргэлжилж үргэлжид бодогдох тэрнийг бий байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж чадна гэдгээ ойлгох тэр жаргалтай мэдрэмжүүд ч юм шиг.

Хичнээн үзэн ядагдах зүйл хийлээ ч сүүлдээ харамсахгүй амьдрах, өнгөрсөн амьдралаа хүлээн зөвшөөрөх, харамсал төрөхгүйгээр хамгийн сүүлийн мөчид буцан самардах өдрүүдийн төлөө энэ бүгдийг би зүрхнийхээ дуудлагаар л хийж байна. Мэдрэмж бүрээ бичиж амжихгүй ч хамгийн их эргэцүүлсэн мэдрэмж, бодлоо бичиж сууна.

Үр минь үлдэх хорвоод би үрийнхээ төлөө тэсэж хүлцсэнээ дараа нь өөрсдийнх нь төлөө гэж нялзаахгүй, гомдол хариу нэхэлгүй охидоо өсгөх юмсан. Үр минь намайг яах гэж миний төлөө өөрийгөө бодолгүй амьдралаа үрсэн юм бэ гэж буруутгахгүй байгаасай.

Ямар нэг зүйлд махрахгүй, айхтар том зорилго тавихгүй ч би хүн шиг амьдарч, асаж унтарч, шатаж эцсийн дүнд харамсахгүй, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж чадсан уу гэж шаналахгүйгээр өөрийнхөөрөө зоргоороо л амьдрахыг чиг мөрөө болгохыг хүсэж байна. Эцэстээ байгаа амьдралаа байгаа чигээр нь хүлээж авч, амьдралд чинь тохиолдсон тохиолдол бүр чинь нийлэн байж одоогийн Чи бий болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх. Өнгөрсөнд харамсахгүй, ирээдүйд санаа зовохгүй байна гэдэг үнэхээр өдөр бүр өөртөө хэлж аз жаргалтай амьдрах түлхүүр минь болох юм гэж хэн саналаа. 

Sunday, October 30, 2016

Өнгөрснөөс би өчүүхнийг ч буцаахгүй
Алдсан ч би хайрыг амталсан
Өнөөдрөөр би юуг ч солихгүй
Амьдрал минь богинохон

Хүсэл хүлээсэн 30 нас
Хажууханд ирэхэд
Хожим харамсахгүй өдрүүдийг
Хэрэндээ л гүйцэлдүүлнэ

Хэн нэгний өмнө буруутан болох ч гэлээ
Зөв буруугийн дэнс чухам хаана юм бэ
Хожимдсон дурлал, хожигдсон болзоо байлаа ч
Буцах замдаа би жаргалтай л өдрүүдээ самардана 

Харамсалгүй амьдрах
Хамааралгүй та минь
 Хань болохгүй ч
Хайр болсон

Хэзээ ...
Хэзээ та минийх болох вэ?

Tuesday, March 01, 2016

Хүсэмжит бүсгүйг дэргэдээ авлаа ч 
Хуучирдаггүй юм гэж нэгээхэн үгүй,

Ойртож чадахгүйн жаргал ч гэлээ 
Оройтож ухаарсан дурлал, Таны
Ганцхан удаа хэлсэн "Хайртай"-г тань 
Ганцаардсан үедээ зажилан сэтгэлээн тэжээн 
Гарт минь ирэхгүй гарыг хүснэ 

Сайхан минь, 

Saturday, November 28, 2015

Манан мэт цасан бударсан нам гүм шөнө
Мартагдсан догдлол тэнгэрээс унасан
Сөхөрсөн үед өндийлгөх шидийг
Зүгээр л атгуулчихдаг
Томоо гарт тань тэврүүлээд
Зүрх минь түг түг
Ерөөсөө ийм л юм
Юу гээч
Энэ бүгд тэгээд ахин ахин ирдэг
Анхны хайр юм байна
2015.11.29


Sunday, April 26, 2015

Цаг хугацааг уртасгагч богиносгогч
Тантай байх яагаад ийм шидтэй юм бэ
Тавилан байдаг бол
Тэвэрт тань сэрэх өдөр хурдан ирээсэй

ххх

Огтолцохгүй зэрэгцэх бурхны зураг
Нартай бороотой алинд ч
Тантай өдөр гэрэлтэй
Бусдаас нуугдан хоюул
Хөтлөлцөн алхая үүлэн дээр


Tuesday, April 07, 2015

Торон даашинзаа өмсөөд
Толинд харлаа
Танихгүй гуниг нүүрэнд нь тодорсон 
Төрсөн өдрөөсөө зугатаахаар завдах 
.... тэвдсэн бүсгүй
Тэвэртээ тасарч унаж буй сувдан зүүлтээ нааж
Удаан, удаан зогсоод л 
Явахгүй гэж шийдээд 
Яаран бүгдийг нь тайлав 
Бүгдийн өмнө ирдэг 
Буцах замгүй өдрүүд 
Будгаа арилгаад 
Хөнжилдөө шургав

Үнсэх дуртай тэр хацар
Үнэрлэх дуртай хүзүү 
Үнсүүлэх дуртай чих минь
Үлдээхгүй амтлах миний уруул ...

Урд насандаа бид угаас л ийм байсан 
Тэр намайг тэвэрч 
Тэвэрт нь би нялхран эрхэлж 
Хөтлөлцөн алхаад л хөхрөлдөн гүйж байсан
Шаргал намрын жихүүн өдөр 
Шаржигнах навч модод ... 
биднээс өөр хэн ч үгүй 
Үүлнээс дээгүүр нисэж 
Үг хэлэхгүй ойлголцож 
Эвлүүлж тавьсан оньс адил 
Эвээ олоод эвхрэлдэнэ 
Хувь заяа биднийг уулзуулах л гэж 
Хуурай дарсны бөглөө өөрөө онгойж асгарсан
Хуучин шүлгээ дахин унших мэт 
Хачин танил мэдрэмжээр би дүүрнэ 
2015.04.07


Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...