Tuesday, November 14, 2017

Мөрөөдөл

Надаас нэг удаа миний мөрөөдлийг асуухад би их хямарч билээ. Гэнэт бодсон чинь би ахуйгаас ангижирч чадахгүй завгүй болсоор л ямар мөрөөдөлтэйгээ мартсан байсан юм. Одоо хүртэл би юу мөрөөдөх тухайгаа бодоод бодоод бүгд л утгагүй санагдаад, чин сэтгэлээсээ юу хүсдэгээ мэдэхгүй л явна. Өөрийгөө олно гэдэг мөрөөдлөө зорилгоо мэднэ гэсэн үг ч юм шиг.

Саяхан бас мөрөөдөлгүйгээсээ болж сэтгэлээр хэсэг унав. Яах гэж яагаад амьдарч байгаа, амьдралын утга учир гээд л их л бодож шаналсан.
Тэгээд нэг ийм юм олж уншсан юм. "Эмэгтэй хүн нэгэнт амьдрал зохиож эхлүүлсэн бол өөрийн мөрөөдөл, хайр бусад зүйлийг ч гээдэг. Тэр өөрт байсан байгаа бүгдээ хүүхдүүддээ өгдөг". Үнэхээр хар багадаа хүүхэд гаргасан болоод ч тэр юм уу би тодорхой сайн мөрөөдөж амжаагүй байхдаа л ээж болчихож. Тэгээд л миний бүх юм ХҮҮХЭД болж надаас гарсан юм байна гэж хэсэг тайвшрав.

Мөрөөдөл байхгүй ч сэтгэл хөглөгдөж байж амьдрал илүү тод харагддаг юм шиг. Магадгүй миний юу ч мэдэхгүй гэнэн жаахан охин байхдаа бүтэн зүрхээрээ хайрласан тэр нэгэн сэтгэлийг минь үргэлж хөглөдөг ч байж мэдэх юм. Гэхдээ хүнийг хөглөх мартагдахгүй хайр амьдралд учирдагч тэр хүн хуучин мөрөөдөл, сайн сайхныхаа төлөө явах бус хүүхэд болж хувирсан мөрөөдлөө даган гэр бүлээ сонгодог ч юм шиг.

Сэтгэл зүрхээ даган, хүлээсэн хариуцлагын хүлээснээс ангид байж чадах зориг хэн бүгдэд үгүй учраас л тэдгээр дурлал, дурсамж богино хийгээд амттай байдаг байх. Магадгүй богино дахиж олдохгүй нь мартамгүй, амттай болгодог ч юм бил үү. Дурсамжаа зажилж насыг барахаас хойш аль болох харамсахгүй дурсамж ихийг бүтээж нэг тийм цатгалан мэдрэмжээр хөгшрөх юмсан. 

Monday, November 06, 2017

Хоосон


Олны дунд орох тусам ганцаардана...Орчлон нилдээ захгүй уудам далай мэт...

Ганцаардал бол барих барьцгүй атал байж болох хамгийн бодит оршихуй...Гуниг бол мэдлэг мэдрэмжийн торгон огтлол юм...Бид дандаа л ямар нэгэн найранд дээр суугаа мэт хөөрлөөр амьдрах юм бол мөнхөд согтуу явна...Бусдад анзаарагдах хэрэггүй, бусдыг анзаар...Үр дүнг битгий хүлээ...Өөрийнхөө дотор юу ч битгий үлдээ, дөнгөж мэндэлсэн хүүхэд мэт бол...зарим хүнд мунхаг хүн мэт санагдсан ч бүү тоо...Сэтгэл зүрхээ далай мэт төсөөллөөр дүүрэг...Эцэст нь өөрийгөө ертөнцийн төв биш гэдгийг гүнээ ухаар... Б. Идо http://idocg.blogspot.com/2012/06/blog-post_21.html 


Олон сар догдлон хүлээсэн учралын дараа бүх зүйл хоосон болох тэр мэдрэмж, бүхий л догдлолууд хоосрох. Хаашаа ч харсан хоосон. Бүх зүйл дууссан мэт сэтгэл, цээж минь хоосроос цаашлаад бодол ч хоосон болох тэр үед л би зүрхээ чагнаад хичнээн амьд байгаагаа бусад үеэс илүү мэдэрдэг. Магадгүй яг дур тавиад өөр ч юу ч хүсэхгүй дээшээ хараад хэвтэх мэт. Тийм л амгалан хоосон, хөвөрсөн мэдрэмжүүд. Энэ бүх хоосролоос гарч, өмнөх байдалдаа эргэж орох хүртэлх цаг хугацаа үнэхээр уртын урт санагдавч, хөвөрсөн өдөр хоногуудын дунд би орчноос тасрах мэт, юу ч ойлгохгүй алхаад л. Гэвч энэ бүхний эцэст бодол санаагаа хоослоос дахин цэгцлэн өрөх үед би хичнээн амьд, тайван байгаа мэдрэн халуун шоколад уугаад суух. Яг л номын тавиурын бүх номоо буцааж тавилгүй хооронд нь ээлжлэн сольж уншаад догдолсоор ширээгээр дүүрээд нэг л өдөр бүгдийг нь газар унагааж тараагаад хэрэгтэйг дээш нь авч, эрэмбэлж, төрөлжүүлэн буцааж өрж байгаа мэт.

Хүн бодол сэтгэлийн эрүүл мэнддээ төдийлөн анхаарахгүй, асуудлуудаа цэгцлэхгүй байсаар хэрхэн самуурч болдгийг, цэгцэлсний дараа хэрхэн уужирдгийг өөр дээрээ туршсаар л. Гэр орон, найз нөхдийнхөө дэргэд хоосон мэдрэмжтэйгээр хэвийн мэт амьдралаа үргэлжүүлэхэд цаг хугацаа үнэхээр харьцангүй удааширдаг ч юм шиг. Магадгүй хүн өөрөө өөрийгөө бодол санаагаа цэгцлэн, тунгаан байж эмчлэн тэгшрүүлдэг ч байж мэдэх. Гэхдээ энэ бүгд миний л бодол л доо.

Хэнээс ч юу ч хүлээхгүй, хүлээлтийг тэглэх оролдлогыг өдөр бүр өөртөө сануулж хэрэгжүүлж байх нь чухал юм. Гэлээ гээд би юу хүсэж, юунд аз жаргалтай байдгаа өдий хүртэл олоогүй л явна. Миний дотор байгаа идеалист Болор, гадна байгаа материалист Болор 2-ийн дунд хааяа энэ бүх дасгалыг хийж, өөртөө цаг гаргаж, бодол сэтгэлээ цэгцлэх нь зайлшгүй болоод л байна. Хүмүүс намайг 2 өөрөөр хардгийг сүүлийн үед анзаарах болсон. Цөөн хүн миний дотор байгаа Болорыг мэддэг. Түүнийг мэдээд шаналдаг, тусалдаг. Ихэнх нь гаднаас дүгнэдэг болоод ч тэр юм уу. Юунд ганцаарддагийг минь ойлгохгүй гайхах. Үнэндээ би ч өөрийгөө хааяа үзэн яддаг. Үнэхээр уур хүрмээр учир нь ойлгогдохгүй, юу хүсэж байгаагаа мэддэггүй мөрөөдөлгүй хүн. Өөрийнхөө тухай гүн гүнзгий бодох тусам улам л өөртөө дургүй болох тэр мэрэмж, үргэлж бараан сүүдрийг дагуулдаг. Энэ бүгдийг энд уудлаад бичих нь ч нэг хэлбэрийн сэтгэлээ тэгштгэх, хүлээлтийг тэгштгэх дасгал болж байна. Хүн өөртэйгээ ярих, өөрийнхөө тухай бичих үедээ бодол санаагаа тэр хэмжээгээрээ цэгцэлж чаддаг юм байна.

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...