Мэдрэгдэх үл мэдрэгдэх үй олон мэдрэмж дунд би үргэлж төөрсөөр. Угтаа надад мөрөөдөл, том зорилго, хүсэл үгүй билээ. Зөвхөн өөрийнхөө мэдрэмж, зөн совинд автан амьдарсаар 28 жил болж. Миний хувьд амьдрал төдий их утгагүй, заавал хүсэж шунаад байх хэрэггүй тийм л нэг түр орших газар ч юм шиг. Охид минь л амьд явах шалтгаан болно. Хүн тэгэхдээ цор ганцаараа байдаг бол амьдралд татаж чангаах зүйлгүйгээр урт наслахгүй байсан биз.
Миний төлөө зориулсан цаг хугацаандаа харамсах хүмүүс. Би тэдэнд юу ч өгч чадахгүй, тэднээс бас юуг ч авч чадахгүй. Чин сэтгэл, дурлал, хайр гэдэг хүн бүрт өгөөд байдаг зүйл биш л дээ. Зүгээр л хүмүүс тэгж харагдахыг хүсдэг.
Гол нь харамсахгүй л амьдрах юм шүү дээ. Залуу насандаа хийх зүйлсээ бүгдийг нь хийчихсэн хүн 2 удаа амьдарсантай тэнцдэг гэж хаанаас ч билээ уншиж байсан. Миний хувьд үйлдэл бүхэндээ харамсахгүй л байвал 2, 3 удаа л амьдарлаа гэсэн үг ч юм шиг. Хэд ч наслаа билээ, дургүй зүйлээ хийж, дургүй хүмүүстэй уулзаж байна гэдэг яагаад ч тэвчээд цаг хугацааг бараад суух явдал биш.
Яг нэг тийм гоё бүдэг гэрэлд халамцуу, франц жазз дуу сонсоод нам гүмд сууж байгаа юм шиг амьдарвал гоё. Тэгтлээ зовоод, шунаад, жаргаад, тодроод байхгүй. Бага зэрэг уянгатай, хөнгөн, тэгэхдээ бүр ч тасраас алга болчихгүй, айхтар өрнөл, тэмцэл байхгүй.
Болдог бол нөгөө яриад л явдаг төсөөллийнхөө байшинд дуртай хэдэн дуугаа сонсоод, хэнд ч төвөг болохгүй, дуртай юмаа бичнэ үү, гар урлал хийнэ үү тэгэсгээд л амьдрах юмсан.
Явж явж хамгийн чухал нь сэтгэлийн тогтвортой байдал шүү Болор оо!